COVID-19 ба эрүүл ахуй: Дэлхийн хүн амын 60 хувь нь амны хаалт зүүх болжээ
2020-10-19


Шведэд төвтэй Эрүүл ахуй, эрүүл мэндийн олон улсын компани болох Essity цар тахлын үед хүмүүсийн эрүүл ахуйн зуршлууд хэрхэн өөрчлөгдсөн талаарх өргөн цар хүрээтэй санал асуулгын дүнг нийтэлжээ. 

 

Судалгааны дүнгээс харахад, цар тахлын үед хүмүүс тэврэлдэх, үнсэлцэхээс аль болох зайлсхийх болсон байна. Судалгаанд оролцогчдын 62 хувь нь цар тахлын улмаас гар барихаа больсон бол 55 хувь нь олон нийтийн газарт бусадтай тэврэлдэх, 46 хувь нь үнсэж мэндчилэхээ больжээ. Тэр дундаа, хүмүүсийн наснаас хамааран өөрчлөлт харилцан адилгүй байсан бөгөөд ахмад настнуудын зан үйл цар тахлын үед илүүтэй өөрчлөгдсөн байна.

 

Санал асуулгын дүнгээс харахад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их гараа угаадаг аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 58 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлснийхээ дараа, 78 хувь нь олон нийтийн газраар явсныхаа дараа, 45 хувь нь гар барьсныхаа дараа, 92 хувь нь ариун цэврийн өрөөнөөс арч ирээд гараа угаадаг гэж хариулжээ. Сонирхуулахад, хоёр жилийн өмнө ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа угаадаг хүмүүсийн хувь 90 байсан гэнэ. Түүнчлэн хүмүүс төрөл бүрийн шалтгаанаар гараа угаахаа мартаж байгаа бөгөөд Нидерланд, Германд арьс хуурайшиж байгаагийн улмаас байнга угаахгүй байгаа гэж хариулжээ.

 

Судалгааны дүнгээс харахад бүх хүн гараа зөв угааж чадахгүй байгаа гэнэ. Оролцогчдын 62 хувь нь л 20 секунд болон түүнээс дээш хугацаагаар гараа угаадаг бол 83 хувь нь гараа савандахаас өмнө бүрэн норгодог гэж хариулжээ. Мөн хүмүүс савандаж угаахаас илүү гар ариутгагч үр дүнтэй гэж боддог гэдгийг судлаачид онцолсон байна. Гэвч энэ нь төөрөгдөл, нэн тэргүүнд гараа савандаж угаах нь зүйтэй гэдгийг анхааруулжээ

 

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хувийн хамгаалалтын хэрэгслийг сайтар хэрэглэхийг дэлхийн улс орон бүрт уриалсаар байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш дэлхийн нийт хүн амын 60 хувь нь амны хаалт тогтмол зүүх болсон байна.

Түүнчлэн судалгаанд оролцсон хүмүүсийн 62 хувь нь гар ариутгагч эсвэл нойтон салфетка байнга авч явдаг болсон гэж хариулжээ. Мөн 35 хувь нь олон нийтийн газарт бээлий тогтмол өмсөх болсон гэж хариулсан байна. 

 

COVID-19: Дэлхий даяар халдварын тоо 40 саяыг давж, Италид хөл хорио тогтоов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин