Карабах: Талууд эвлэрэхэд бэлэн гэх ч хүмүүс амиа алдсаар байна
2020-10-20

Уулын Карабах дахь нөхцөл байдал хүнд хэвээр байна. Орос улс хоёронтоо зуучаар ажиллан, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх гэсэн ч оролдлого талаар болсон юм. 

 

"Талуудын хооронд болон олон улсын хариуцлагатай тоглогчдын шугмаар сөргөлдөөнийг өдөөхөө нэн даруй зогсоох нь чухал" хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уриалжээ. 

 

Оросын Гадаад хэргийн сайдын өгүүлснээр нөхцөл байдлыг зохицуулах дараагийн алхам нь байлдааны ажиллагааг зогсоох, нэн тэргүүнд иргэний дэд бүтцийн объектуудад цохилт өгөхөөс татгалзах явдал гэнэ. Энэ талаар Москва хотноо талууд тохиролцсон ч энэ тохиролцоо мөрдөгдөхгүй байгаа юм.

 

Азербайжаны тал Арменийн төлөөлөгчидтэй Москва эсвэл өөр газарт уулзахад бэлэн байгаагаа эмдэгдсэн байна. Азербайжан сөргөлдөөнд цэг тавьж, нөхцөл байдлыг зохицуулах арга замыг хайхад бэлэн гэж Ильхам Алиев мэдэгдэж байгаа юм. Харин Баку Ереванаас юу хүлээж байгаа, хэлэлцээрийн ширээний ард суухад юу хэрэгтэй гэдэг нь өөр асуудал.

 

Карабахд сөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны талыг Туркийн дэмжлэгтэйгээр хөлсний цэргүүдийг авчран дайнд ашиглаж байгаа талаарх мэдээлэл хэдэнтээ гарч, харин Азербайжан үүнийг няцааж байлаа. Энэ удаад ч Ильхам  Алиев хүчирхэг цэрэг армитай гэдгээ онцлоод Ойрх Дорнодоос хөлсний цэргүүд авах шаардлагагүй гэж мэдэгджээ.

 

Түүнчлэн хамгийн их хөндөгдөж буй сэдэв болох Карабах руу энхийг сахиулагчдыг оруулах талаар байр сууриа илэрхийлсэн байна. Алиевийн үзэж байгаагаар энхийг сахиулагчдыг оруулах цаг нь болоогүйн дээр нутаг дэвсгэрийн асуудлуудыг шийдвэрлэсний дараа ийм боломжийг авч үзэж болох гэнэ. 

 

Үүний зэрэгцээ нөөцүүдийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Азербайжаны Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, сөргөлдөгч талын пуужин Баку-Новороссийск стратегийн ус дамжуулах хоолойноос 250 метрийн зайтай унажээ.

 

Азербайжаны хувьд газрын тос бол эрчим хүчний гол баялаг юм. Газрын тосны шахуургууд орон сууцны байрнуудын дэргэд ч байрлах нь олонтаа бөгөөд харин боловсруулалт хийгддэг газрууд нь нүдэнд дасал болсон аж үйлдвэрийн станц гэхээсээ илүүтэйгээр тохилог цэцэрлэгт хүрээлэн шиг харагддаг гэх. Харин дайн дэгдсэнээс хойш газрын тос боловсруулах үйлдвэрийн ихэнх хэсэг нь зогсжээ. Түүнчлэн газрын тосны дэд бүтэц халдлагад өртсөн тухай мэдээлэл хэдэнтээ гарч байсан бөгөөд Азербайжаны газрын тосны объектуудад ихээхэн аюул заналхийлж байгаа талаар Вести мэдээлсэн байна.

 

"Баку-Тбилиси-Жейхан чиглэлийн өмнөдийн хийн хонгил нь Азербайжаны хувьд чухал эдийн засгийн тулгуур юм. Үүний зэрэгцээ импортлогчид, Европ болон энэ төсөлд оролцож буй бусад орнуудын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой. Үүнд Орос, Иран болон бусад орнууд багтана" хэмээн Азербайжаны улсын газрын тосны компанийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Ахмедов Вести агентлагт ярьжээ. 

 

Есдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл фронт болон ойролцоох нутаг дэвсгэрт цохилт, буудлага, довтолгоо тасрахгүй байгаа юм. Азербайжаны Батлан хамгаалахын яам галд өртсөн нутаг дэвсгэрүүдийн талаар тогтмол мэдээлж байгаа бөгөөд албан ёсны мэдээллээр Агдамск дүүрэгт улсын телевизийн нэг сэтгүүлч шархдаж, Тертерд үйлдвэр довтолгоонд өртөж, гал гарчээ. 

 

Дайныг эсэргүүцсэн жагсаал 

 

Арменид 10 дугаар сарын 19-ний өдөр жагсаал  болов. "Сохор мэт бүү суугаач" хэмээн жагсагчид хашгиржээ. Энэ нь Нэгдсэн үндэстний Байгууллагын төлөөлөгчдөд хандаж байгаа хэрэг гэнэ. Ереван дахь НҮБ-ын байран дээр даваа гаригт Армени болон Уулын Карабахын оршин суугчид цугларчээ. Тэд хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсад байлдааны ажиллагааг зогсоохыг шаардсаны дээр НҮБ-ыг дуугүй суухаа больж, төлөөлөгчөө Уулын Карабах руу илгээхийг шаардсан байна. 

 

"Сохорсон мэт суухаа больж, нүдээ нээхийг бид шаардаж байгаа юм. Эндэхийн хүмүүс дэлхий даяар байгаа хүмүүсээс огт ялгаагүй, НҮБ-ын тогтоол нь тэдний зарчимтай зөрчилдөж байгааг ойлгоосой гэж хүсч байна" хэмээн жагсагчид мэдэгджээ.

 

Өөр нэг жагсаал АНУ-ын Элчин сайдын яамны өмнө болсон байна. Эсэргүүцэгчид Америкийн дипломат газрын төлөөлөгчидтэй уулзсан ч энэ уулзалтын дүнд сэтгэл ханасангүй.

 

" Уулын Карабахыг тусгаар улс гэж Америкаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бид энд ирсэн. Энэ бол бидний шаардлага" хэмэээн жагсагчид өгүүлсэн байна.

 

Чухамхүү Карабахын статус нь эхлэх цэг гэж Арменийн Ерөнхий сайд үзэж байгаа юм. Азербайжан энэ асуудлыг хүлээн зөвшөөрвөл харилцан буулт хийх урьдач нөхцөл болно гэж тэрбээр мэдэгджээ. Улмаар асуудлыг цаашид энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж Ерөнхий сайд Никол Пашинян цохон тэмдэглэсэн байна.

 

Ийнхүү харилцан мэдэгдэл хийж байх зуур байлдаан үргэлжилж, гал зогсооно гэж мэдэгдэцгээсэн ч буудалцсаар байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Карабахын хотууд руу хэд хоног буудаагүй ч өнгөрсөн даваа гаригт Мартуни хот халдлагад өртжээ. Карабахын бүхий л сүм дуганад хонх хангинан, тэргүүн шугамд байлдаж яваа элэг нэгтнүүдийнхээ араас мөргөл залбирал үйлдэж байгаа аж. 

 

Гэсэн ч амиа алдагсдын тоо өссөөр. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоногт 19 цэрэг амиа алдаж, Карабахын тал нийтдээ 690 цэргээ дайнд алджээ. 

 

Уулын Карабах дахь хямрал: 

1988 он- Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхлэв.

1988 оны 07 дугаар сарын 12. Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ.

1988 оны 09 дүгээр сар. Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв.

1991 оны 04, 05дугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

1994 оны 05 дугаар сарын 05. Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ.

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм.

2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр 28 дахь удаагийн уулзалт Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Арменийн хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв.

2020 оны 07 дугаар сарын 12. Нөхцөл байдал дахин хурцдав. Мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Арменийн талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа.

2020 оны 09 дүгээр сарын 27. Ээлжит дайн эхлэв.

Карабахын дайн: "Эвдрэлцээд" 16 хоног, "эвлэрээд" 3 хоног...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин