Карабах: Гал зогсоох гурав дахь оролдлого талаар болов
2020-10-26

Уулын Карабах дахь сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжаны хооронд орон нутгийн цагаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны 08.00 цагт /shuud.mn: Улаанбаатарын цагаар 12:00/ гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр болох байсан ч ээлжит оролдлого талаар болжээ. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Азербайжаны Батлан хамгаалах яам Арменийн зэвсэгт хүчин ээлжит эвлэрлийг хүчин төгөлдөр болох цаг болсны дараахан гал зогсоох горимыг бүдүүлгээр зөрчсөн гэж мэдэгдсэн байна. 

 

"Аравдугаар сарын 26-ны 08:00 цагаас эхлэн гал зогсоох шинэ горим зарлагдсан ч Арменийн зэвсэгт хүчин тохиролцоог бүдүүлгээр зөрчлөө" хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Азербайжаны цэргийнхний мэдээлснээр Лачинскийн нэгэн суурин армийнхны буудлагад өртсөн гэнэ. Харин Азербайжан гал зогсоох хэлэлцээрийг чандлан мөрдөж байгаа хэмээн онцолжээ. 

 

Нөгөө талаас, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян эвлэрлийн горимыг мөрдөхөд бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн байна. "Өчигдөр Вашингтонд тохиролцсон ёсоор Арменийн тал 08:00 цагаас эхлэн гал зогсоох хэлэлцээрийг мөрдөнө" хэмээн тэрбээр Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Карабах дахь нөхцөл байдал

Уулын Карабах дахь нөхцөл байдал есдүгээр сарын 27-ны өдөр хурцадсан юм. Сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжан сөргөлдөөн хурцадсанд нэгнээ буруутгаж байгаа бөгөөд сар орчим хугацаанд дайтах үеэр энгийн номхон иргэд ч амиа алдсан байна. 

 

Азербайжаныг Турк улс идэвхтэй дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Олон улсын зүгээс талуудыг гал зогсоохыг хэдэнтээ уриалж байсан. 

 

Энэ удаагийн тохиролцооноос өмнө гал зогсоох оролдлогыг хоёронтоо хйиж байлаа. Эхний удаад, Москва хотноо 10 дугаар сарын 10-ны өдөр талууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар уулзаж, 10 дугаар сарын 10-ны 12:00 цагаас гал зогсоохоор тохиролцсон ч товлосон цагт аль аль нь нэгнээ хэлэлцээ зөрчсөн хэмээн буруутгаж байв.

 

Аравдугаар сарын 18-ны шөнө талууд дахин хүмүүнлэгийн эвлэрэл зохион байгуулахаар тохиролцсон ч хоёр дахь оролдлого мөн л талаар болж байлаа. 

 

Карабах: Армени, Азербайжан галаа зогсооно

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин