Карабах: Арменийн цэргийн хохирол 1009 болж, талууд 31 дэх өдрөө байлдав
2020-10-28

Есдүгээр сарын 27-ноос эхлэн Уулын Карабахт өрнөж буй Армени, Азербайжаны зэвсэгт сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулж, гал зогсоох гэсэн оролдлого гурав дахь удаагаа талаар болж, талууд үргэлжлүүлэн тулалдсаар байна. Өнгөрсөн хоногт сөргөлдөөний бүсэд болон эргэн тойронд ямар үйл явдлууд болж өнгөрсөн талаар ВВС, Regnum, ТАСС агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

Пашинян: Азербайжан, Туркийг олон улс түрэмгийлэгч гэж хүлээн зөвшөөрч байна 

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мягмар гаригт ард түмэндээ хандсан илгээлтдээ дайн эхэлснээс хойших хугацаанд Карабахын сөргөлдөөнийг олон улс хүлээн авах байдал нь эрс өөрчлөгдсөн гэж онцолжээ. Түүний өгүүлснээр, дэлхийн гол тоглогчид Азербайжан болон Турк улсыг түрэмгийлэгчид гэж хүлээн зөвшөөрөх болсон гэнэ. 

 

"Азербайжаны талд алан хядагчид болон хөлсний цэргүүд байлдаж байгаа нь дэлхий нийтэд батлагдсан баримт" хэмээн Пашинян мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар Арменийн эрх баригчдын зөв, цогц дипломат ажиллагааны үр дүнд дэлхий нийтийн хандлага өөрчлөгдсөн гэнэ.

 

Мөн өнөөгийн дайн Арменийн хүн бүрт чухал гэдгийг онцлоод, ард түмэндээ хандан юунаас ч айхгүй, бүтэлгүйтсэн ч сэтгэлээр унахгүй байхыг уриалжээ. Түүнчлэн Азербайжан ялж чадахгүй, Карабахд тулалдаанд хангалттай, ялагдал хүлээхгүй байхад шаардлагатай бүхий л зэвсэг, нөөц бий, Аоменийн ард түмэн бүхий л хүчээ нэгтгэж, хатуу сахилга баттай байхын дээр тушаал зааврыг үл сөргөн биелүүлэх ёстой гэж мэдэгдэлдээ онцолсон байна.

 

Эрдоган Путин рүү утас цохив 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн талын санаачиллгаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсан талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар хоёр тал Сири, Ливи зэрэг өргөн цар хүрээтэй асуудлыг хэлэлцсэний дотор Карабахын сөргөлдөөний талаар ч хэлэлсэн байна.

 

"Уулын Карабахын сөргөлдөөний бүсэд болж буй үйл явдлын талаар хэлэлцсэн. Байлдааны ажиллагаа өрнөж, энэ сөргөлдөөнд Ойрх Дорнодоос алан хядагчид ихээр татагдан оролцож байгаад Оросын тал гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Кремлийн мэдэгдэлд дурджээ. 

 

Уулын Карабахын Батлан хамгаалахын сайд амиа алдсан гэх мэдээллийг няцаав 

Мягмар гаригт, хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын Батлан хамгаалахын сайд алагдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байлаа. Харин үүнийг тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч няцааж, Батлан хамгаалахын сайд шархдаж, түүний албан тушаалд өөр хүн томилсон гэдгийг онцолсон байна.

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө Азербайжаны тал Карабахд батлан хамгаалахын сайдын машиныг дроноор дэлбэлсэн, машин дотор хошууч генерал Арутюнян сууж явсан гэх дүрс бичлэг нийтэлсэн юм. Гэхдээ энэ нь Карабахын Батлан хамгаалахын сайд Жалал Арутюняны биеийн байдалтай огт холбоогүй бөгөөд Батлан хамгаалахын сайд тулаанд оролцож байх үеэрээ шархадсан ч энэ шарх нь амь насанд аюулгүй гэж Уулын Карабахын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Сөргөлдөөн эхэлснээс хойших 31 дэх өдрийн үйл явдлууд 

- Армени, Азербайжан, Ираны хил орших бүс нутагт Арменийн нутаг дэвсгэрт цохилт өгсөн гэж Арменийн тал Азербайжаныг буруутгажээ. Харин Азербайжаны Батлан хамгаалах яам нутаг дэвсгэрт нь аюул занал учирвал тодорхой байд цохилт өгөх эрхтэй хэмээн мэдэгдсэн байна.

 

- Арменийн Үндэсний аюулгүй байдлын алба Сөрөг тагнуулын газрын дарга болон Хилийн цэргийн штабын даргыг ажлаас нь халжээ. Ийнхүү халах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

 

-Арменийн талын цэргийн хохирол нэг мянгыг давжээ. Мягмар гаригт албан ёсны жагсаалтад 35 нэр оруулснаар амиа алдсан цэргүүдийн тоо 1009 болов. 

 

Карабах: Арменийн Ерөнхий сайдын гэргий тулаанд оролцоно

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин