COVID-19: Франц, Германы эмч нар хүмүүсийг гэрт нь "хорихгүй" байхыг уриалав
2020-10-29

Германы эмч нарын холбоо тус улсад коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор тавьсан шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шүүмжилжээ. Тэд хүмүүсийг гэрт нь хорилгүй, коронавирустэй тэмцэх бодлогоо өөрчлөхийг уриалсан талаар DW агентлаг дамжуулсан байна. 

 

Нийгмийн болон тахлын нөхцөл байдал талаас нь авч үзвэл хувийн харилцаа хэвийн үргэлжилж байх ёстой гэж эмч нар үзэж байгаа гэнэ. Гэхдээ аюулгүй байдлын арга хэмжээг чандлан сахихыг сануулсны дээр эрсдлийн бүлгийн хүмүүст онцгой анхаарал тавихыг Германы эмч нар уриалсан байна.

 

Орон даяар хөл хорио тогтоосон Францын эмч нар ч Германы мэргэжил нэгтнүүдтэйгээ санал нэг байгаа гэнэ. Францын эмч нар "Ла Шен Инфо" сувагт ярилцлага өгөхдөө шинээр хөл хорио тавьсан нь залууст сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин одоогоор хөл хорио тогтоолгүй хөл хорих цаг мөрдвөл илүү үр дүнтэй гэж Францын эмч нар онцолсон байна.

 

Европт коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч, дээрх хоёр улсад шинээр хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Франц  улс 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, тусгаарлалт хэрэгжин, зоогийн газрууд хаалгаа барихаар болсон. Баасан гарагаас эхлэх хөл хорио улс орон даяар үйлчлэх бөгөөд энэ үеэр гагцхүү дунд сургуулиуд болон төрийн байгууллагууд ажиллах юм байна. Өнгөрсөн хаврынхтай адил гэрээсээ зөвхөн хүндэтгэх шалтгаанаар гарахын дээр хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрүүд дахин хаагдах аж. Мөн Франц руу зөвхөн энэ улсын иргэдийг нэвтрүүлэхийг л зөвшөөрчээ. Хөл хорионы эхний шат 15 хоног үргэлжлэх юм байна.

 

Германд ч байдал хүнд байгаа тул 11 дүгээр сарын хоёрноос сар дуустал хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ. Германчуудыг хүмүүстэй аль болох бага харилцаж, аялал, хамаатан садан руугаа зорчиж зочлохыг татгалзахыг уриалсан байна. Сарын хугацаанд бүхий л зоогийн газар, кафе, амралт чөлөөт цаг өнгөрөөх газар болон үйлчилгээний бараг бүхий л салбар хаагдах юм байна. Дэлгүүрт нэг хүнд 10 квадрат метрийн зай оногдохоор тооцон хүмүүст үйлчлэхийг үүрэг болгожээ.

 

COVID-19: Европт байдал хүндэрч, Франц дахин хөл хорио тогтоов 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин