Дайн зогсоохыг "эсэргүүцсэн" арменичууд Парламент руу дайрав
2020-11-10

Уулын Карабахд хоёр сар орчим хугацаанд үргэлжилж байгаа дайныг дуусгахаар Орос, Армени, Азербайжаны талууд хэлэлцэн тохиролцож, сөргөлдөөний бүсэд энхийг сахиулагчдыг оруулахаар болсон юм. 

 

Гэтэл ийнхүү Карабахд дайн дуусгах тухай мэдэгдэлд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян гарын үсэг зурсныг арменичууд төдийлөн таатай хүлээж авсангүй. Тус улсын нийслэлд олон зуун хүн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, мягмар гаригт шилжих шөнө Парламентын ордон руу дайран орсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ. "Бид Никол Пашинянаас шаардаж байна. Тийм мэдэгдэлд гарын үсэг зурах эрхийг хэн түүнд өгсөн юм?" хэмээн эсэргүүцэгчид хашгирч байжээ.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Парламентын байр болон түүний ойр орчимд нөхцөл байдал хурцадмал байгаа бөгөөд эсэргүүцэгчид ойролцоох бүхий л гудамжийг бүрхсэн гэнэ. 

 

Ийнхүү ереванчуудын эсэргүүцэх болсон шалтгаан нь 11 дүгээр сарын есний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар Уулын Карабахд байлдааны ажиллагааг бүрэн дуусгах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан явдал юм. Бүс нутаг руу энхийг сахиулагчдыг оруулахаар болсон бөгөөд Армени, Азербайжан олзлогдогсод болон амь үрэгдэгсдийн цогцосыг солилцох үүрэг хүлээжээ. 

 

Карабах: Сөргөлдөөнийг энхийг сахиулагчид зохицуулахаар болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин