MODERNA: Вакцины үнэ 25-37 доллар байна
2020-11-23

Америкийн Модерна (Moderna) компанийн үйлдвэрлэсэн вакцины үнэ худалдан авах хэмжээнээс хамаарч 25-37 доллар байх гэнэ. Энэ талаар тус компанийн тэргүүн Стефан Бансель Германы  Welt am Sonntag хэвлэлд мэдээлжээ.

 

"Коронавирусийн халдварын хүнд хэлбэртэй өвчтөнд эмчилгээ хийхэд эрүүл мэндийн салбарт хэр их зардал гарах талаас нь бодож үзвэл манай вакцины үнэлгээ шударга үнэ" хэмээн Бансель мэдэгджээ. 

Коронавирусээс сэргийлэх тарилгыг хоёр тун хийх бөгөөд Модерна компанийн нэг тун вакцин доод тал нь 25 доллар, хоёр тунг хийхэд нэг хүнд доод тал нь 50 долларын өртөг бүхий тарилга хийх болж байгаа юм.

Харин энэ вакцины өрсөлдөгчид болох Johnson & Johnson компанийн вакцин нэг тун нь 10 доллар, харин Pfizer компанийнх 20 доллар байхаар төлөвлөж байгаа юм. 

 

Модерна компани оны эцэст хүртэл 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ч үүнээс багахан хэсгийг л Европ руу нийлүүлэх гэнэ. Энэ компани бүтээгдэхүүнээ Европ руу нийлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд тохиролцоонд хүрэх нь хэдхэн өдрийн асуудал гэж Бансель өгүүлжээ. 

 

Модерна компанийн боловсруулсан вакцины үр дүн 94 хувь гэж зарласан. Харин Америкийн өөр нэг вакцин боловсруулагч компани болох Pfizer Германы BioNTech компанитай хамтран боловсруулсан вакцины үр дүн 95 хувь гэж зарласан юм.

 

АНУ-ын хоёр дахь вакцин 95 хувийн үр дүнтэй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин