Австрали, Хятадын нүүрсний дайнд Монгол хожиж мэднэ

Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч өнөө хэр Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр хэдэн сар зогсож байгаа юм. Эдгээр хөлөг онгоцууд дээр 5.7 сая тонн нүүрс, хөлгийн багшийн 1000 орчим гишүүн байгаа аж.
Австрали нүүрсээ зарахын тулд Хятадад буулт хийхэд бэлэн
Таван сар орчмын хугацаанд боомт дээр зогсож буй хөлөг онгоцуудын нэгнийх нь экипаж захидал илгээсэн байна. Энэ захидалд "Хөлөг дээр байгаа экипажийн гишүүд улс төрийн барьцааны хүмүүс, ачаа эзэмшигчдийн боол болчихоод байна. Энэ бол хүний эрх зөрчигдөж байгаа хэрэг. Бид хүмүүс, эрх чөлөөтэй байх эрхтэй" хэмээн бичжээ. Мөн тэд улс төрийн энэ мухардлыг шийдвэрлэхийг хүссэн байна.
Коронавирусийн тахалд Австрали Хятадыг буруутгаснаас үүдэн ийм нөхцөл үүссэн бөгөөд Бээжин хариуд нь Австралийн бараануудын импортод хориг тавьж эхэлсэн юм. Энэ долоо хоногт Хятад мэдэгдэл хийхдээ Австралийн нүүрс Хятадын экологийн стандартуудад нийцэхгүй байгааг онцолж байв.
"Сүүлийн жилүүдэд Хятадын гаалийн газар импортлогдож буй нүүрсний аюулгүй байдал, чанарын тал дээр эрсдлийн үнэлгээ хийж, улмаар импортын ихэнх нүүрс экологийн стандартад нийцэхгүй байгааг илрүүлсэн" хэмээн Хятадын засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд Хятадын нүүрсний импорт 18.9 тэрбум долларт хүрсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь Хятадын томоохон нийлүүлэгч болох Австралид ноогдож байжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад, Австралийн хоорондын энэхүү "нүүрсний дайн"-аас хожих улс орнуудын нэг нь Орос улс гэнэ. Орос улс Хятад руу нүүрс нийлүүлдэг томоохон гурван нийлүүлэгчийн нэгд тооцогддог юм. Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятадыг чиглэсэн Оросын нүүрсний далайн тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өсчээ.
Гэхдээ Австралийн нийлүүлж чадаагүй нүүрсний хэмжээг нөхөхөд Орост хангалттай хүчин чадал байхгүй, ингэснээр Канад болон АНУ-ын нүүрс нийлүүлэлт нэмэгдэх магадлалтай талаар Splash 24/7 мэдээлсэн байна. Түүнчлэн Монголоос ч хуурай замаар нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэх магадлалтай гэж шинжээчид үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ