Эдгэрсэн иргэний ҮГ: “Санаа нь зовох вий гээд ээж, аавдаа хэлэлгүй нуучихсан”
2020-11-30

Монгол Улсад коронавирусийн дотоодын анхны халдвар энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн. Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар 300 хол даваад байна. Халдвараас сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин иргэд хөл хориотой өдрүүдийг өнгөрүүлж байгаа.

 

Манай сайт “Ковид-19” халдвараар өвчилсөн иргэдтэй онлайнаар холбогдон илрэх шинж тэмдэг, эмчилгээ, хэрхэн эдгэрсэн тухай нь хөөрөлдөхийг зорьж буй. Өмнө нь халдвар аваад эдгэрсэн хоёр иргэний туршлагаас  хуваалцсан. Энэ удаад Чех улсад ажиллаж амьдарч буй коронавирусийг “ялсан” өөр нэгэн залууг уулзуулж байна.

 

 

Тэр коронавирусийн халдвар авснаа ч эх орондоо суугаа ижий аавдаа хэлэлгүй, хилийн чанадад өөрөө өөрийгөө эмчилсэн зүрх, зориг дүүрэн залуу. Тиймээс нэр, хувь хүний нууцаа дэлгэхийг хүсээгүй юм. Иргэн Б өдгөө Чех улсад ажиллаж амьдарч буй. Ард үлдсэн коронатай тэмцсэн өдрүүдийн тухай тэрбээр ийн хуучиллаа.

 

“Хамгийн онцгүй нь үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах”

 

“Надад нийтлэг болон нийтлэг бус бүх шинж илэрсэн.

 

Нийтлэг шинж тэмдэг:

 

  • Халуурах
  • Хий ханиалгах
  • Ядрах

 

Нийтлэг бус шинж тэмдэг:

 

  • Зовиурлаж өвдөх
  • Хоолой өвдөх
  • Суулгах
  • Нүдний салст бүрхэвч үрэвсэх
  • Толгой өвдөх
  • Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах
  • Арьсанд тууралт өгөх болон хөл гарын хурууны өнгө өөрчлөгдөх

 

Ноцтой шинж тэмдэг:

 

  • Амьсгалахад хэцүү болох, амьсгал давчдах
  • Цээж өвдөх, даралт өгсөх
  • Ярьж, хөдөлж чадахгүй болох

 

Би халуурсан, ханиалгасан. Бас нүдний салс бүрхэвч үл ялиг үрэвссэн, хуруугаараа дарахаар хөндүүрлэж байлаа. Тууралт өгөөгүй. Хурууны өнгө бага зэрэг өөрчлөгдсөн. Хамгийн онцгүй нь үнэрлэх, амтлах мэдрэмжгүй болсон.

 

“Сэтгэлээр унавал хяналтаа алдана”

 

Ингээд үйлдвэрийнхээ биднийг хариуцдаг Монгол даргадаа хэлээд шинжилгээ өгсөн. Халдвар авснаа мэдээд нэг их түгшиж сандраагүй. Хүмүүс өвчлөөд эдгэрээд байсан учраас миний хувьд ямар ч айдас байгаагүй, сүртэй санаа зовоогүй. “Зүгээр ээ удахгүй эдгэрчихнэ” гэдэг бодол л төрөөд байсан.

 

Миний мэдэхээр энд байгаа 10-аад Монгол иргэн туссан. Бүгд эдгэрсэн. Тийм учраас тусвал эдгэрнэ гээд хэт өөртөө итгэлтэй болчихсон байлаа.  Энэ бодол магадгүй надад их хүч болох шиг санагдсан. Монгол дахь гэрийнхэндээ ч санааг нь зовоочихно гээд хэлээгүй.  Халдвар авснаа мэдээд гол нь сэтгэл зүйгээр унах ёсгүй. Тэгвэл хүн хяналтаа алддаг.

 

Нэгэнт эерэг хариу гарсан тул халуурвал парацетромал уугаад, толгой өвдөхөөр цетроман гэх зэрэг эм уусан. Мөн С витамин эмийн сангаас авч уусан. Бас халуун аарц, чацаргана гээд витаминлэг бүх зүйлсийг маш их хэрэглэсэн.

 

Хэдий хоолны дуршил буураад юм идмээргүй санагдаж, баргийн амтыг мэдрэхгүй  байсан ч идэх л ёстой, тэгж байж л эдгэрнэ гэж бодоод хүчилсээр байлаа. Нимбэгний шүүс маш ихээр буцалгаж уусан. Гурилтай шөл, жимбий зэрэг монгол хоолнуудаа ихээр хийж идсэн.  Бас ганцаараа гарч спортын талбай дээр дасгал, хөдөлгөөн хийж идэвхтэй байхыг хичээсэн.

 

Халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэг 10-14 хоногийн дараагаас арилсан. Харин үнэр, амт мэдрэхгүй шинж тэмдэг нь 10 хоногийн дараагаас гайгүй болж эхэлсэн. Энэ хэвээр үлдчих вий гэж айсан ч 20-иод хоног өнгөрөхөд хуучин шигээ ямар ч зовиургүй болсон. Ингээд л эдгэрсэн. Үүнээс хойш ямар нэгэн шинж тэмдэггүй, эрүүл, хэвийн амьдралаа үргэлжлүүлж байна.

 

“Чехийн иргэд коронатай зэрэгцээд амьдарч байна”

 

Энэ бол зүгээр л ханиад гэх хүмүүс бий. Гэхдээ хүн хүн л өөрөөр тайлбарлах байх. Би өөрийгөө хөнгөн туссан гэж бодож байна. Магадгүй, монголчуудад мах, цагаан идээ их хэрэглэж өссөн, төрхөд вакцин хийдэгтэй холбоотойгоор дархлаа сайн тогтсон байж болох юм гэж боддог.

 

Коронавирус хүн бүрт харилцан адилгүй нөлөөлнө. Ихэнх халдвар авсан хүмүүс хөнгөн болон дунд зэргийн өвчлөл авч байгаа учраас эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлэгдэж байна. 

 

Чех улсад халдвар авсан иргэдийн тоог нийт хүн амтай харьцуулвал Европын холбоондоо халдварын тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа.

 

Энд гурваас тавдугаар сарын хооронд бүх үйлдвэрүүд хөл хорионы улмаас ажиллаагүй. Миний ажиллаж буй үйлдвэр оёдлынх учраас амны хаалт үйлдвэрлээд амраагүй. Олон тохиолдлууд гарч онц байдал хэд хэдэн удаа зарлаад ихэнх газруудыг хаасан боловч манай үйлдвэр хаагдаагүй. Одоо бол коронатай зэрэгцэж амьдарч байгаа. Бүх газар нээлттэй. Спортын арга хэмжээ ч үзэгчгүй зохиогдож байна” гэж ярилаа.

 

Коронавирусийн халдвар авсан тохиолдолд сэтгэлийн хүч чухал гэдгийг тэр онцоллоо. Тэрбээр эмээс гадна залуу хүний эрч хүч, урам зориг бас итгэлээр халдвар тээсэн хүнд өдрүүдийн ард гарчээ. Тулаад ирэх халдварын өмнөөс бид тархиндаа зүрхэндээ ч хүчтэй байх нь чухал аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин