Их гүрнүүдийн шинэ өрсөлдөөн буюу "ВАКЦИНЫ ХӨӨЦӨЛДӨӨН"
2020-12-03

Саяхныг хүртэл том гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлддөг байв. Хэн нь хамгийн "дэвшилтэт, мундаг, чадалтай" зэвсэгтэй болохоо гайхуулах гэж, нэгнээсээ илүүрхэх гэж зэвсэглэлээр хөөцөлддөг байлаа. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал хүйтэн дайны үеэс эхтэй. Хэдийгээр хүйтэн дайн төгсөж, дэлхийн том гүрнүүд хэсэгтээ энэ илүүрхлээ мартсан ч сүүлийн жилүүдэд мөн л цөмийн зэвсэглэлийн салбарт хөөцөлдөөн нь дахиад л эхэлсэн юм. "ОХУ-ын  хэт дуунаас хурдан пуужин", "АНУ, Австри хамтран хэт дуунаас хурдан пуужинтай болно" гээд л энэ төрлийн мэдээ цуварна. 

 

Харин дэлхий дахиныг хамарсан цар тахал өөр нэг хөөцөлдөөнийг бий болгов, яг л бусад салбарт олон шинэчлэл, өөрчлөлт гаргасан шиг. Энэ бол "вакцинаар хөөцөлдөх" явдал. Бусдыг хөнөөх, айлгах зориулалттай зэвсэг биш харин эрүүл мэндийн төлөөх зорилготой тул энэ хөөцөлдөөнийг таатай гэмээр.  

 

Том гүрнүүдийн дундах "хэн хамгийн хурдан, хамгийн сайн вакцин бүтээх вэ?" гэсэн "уралдаан" барианы шат руугаа дөхөж байна. Гэхдээ энэ уралдаанд ялагч тодрохгүй байж мэдэх нь. Moderna болон Pfizer компаниудын вакцин Америкийн зах зээлд нэгэн зэрэг нэвтрэх боломжтой гэж Америкийн эрх баригчид мэдэгдэж байлаа. ОХУ-ын тухайд энэ хөөцөлдөөнд манлайлан оролцож, анхны вакциныг бүтээсэн ч туршилт дуусахаас өмнө бүртгэсэн, хангалттай судалгаагүй гэх зэргээр барууны орнууд шүүмжилсээр л байгаа юм. 

Вакцинуудын тухайд 

Модерна компанийн вакцин коронавирусээс хамгаалаад зогсохгүй халдварыг эмчилдэг гэдгээрээ давуу талтай гэнэ. Түүний дээр энэ тарилгаар тариулсан л бол коронавирусийн халдвар авлаа гэхэд хүнд шатандаа очихгүй гэдэг нь 100 хувь баталгаатай гэж Модерна компани мэдэгдэж байв. Үүнд гэхдээ ер бусын зүйл үгүй, аливаа вакциныг тухайн өвчиний хүндрэлийг үүсгэхгүй байхад зориулан л хийдэг. 

 

Өөрөөр хэлбэл томууны вакцины тариуллаа гэхэд томуу огт тусахгүй гэсэн үг биш, харин томуу туссан ч хүнд шатандаа орохгүй байх дархлааг суулгах нь вакцин боловсруулагчдын зорилго. Тиймдээ ч ихэнх вакцинууд энэ тал дээр 100 хувийн баталгаа өгөх бөгөөд харин өвчин тусахгүй гэсэн 100 хувийн баталгаа өгч буй хэрэг биш юм.

 

Модерна компани дээрх мэдэгдлийг хийсний дараа хувьцааны үнэ нь ганцхан хоногийн дотор Нью-Йоркийн бирж дээр 17 хувиар нэмэгдсэн юм. Гэхдээ үүний дараахан Модерна вакциныхаа үр дүнг 94.5 гэж зарлаж байсныгаа 94.1 хувь гэж бууруулан мэдээлсэн. Энэ нь ч хэвийн үзэгдэл бөгөөд боловсруулагч компаниуд судалгааны явцад илүү их мэдээлэл авахын хэрээр үр дүнгээ засах нь хэвийн гэж шинжээчид онцолж байгаа юм. 

 

Бусад вакцинуудын тухайд,  Pfizer болон BioNTech компаниуд вакцинаа 95 хувийн үр дүнтэй гэж зарласан бөгөөд цаашдын туршилтын явцад энэ үр дүн буурч болзошгүй гэж мэдээлж байв. Харин дэлхийн анхны гэгдэх Оросын "Спутник V" вакцин эхний тунг тариулсны дараа 91.5 хувь, хоёр дахь тунгийн дараа 95-аас дээш хувийн үр дүн үзүүлжээ. 

 

Одоогоор хамгийн бага үр дүн амлаж байгаа вакцин нь АстраЗенека компанийнх юм. Британи, Шведийн хамтарсан компани боловсруулсан вакциныхаа үр дүнг 70 хувь гэж зарлаж байв. Энэ вакциныг Энэтхэгт туршихад оролцсон нэгэн сайн дурын эр тарилга тариулсны дараа толгой нь өвдөж, бие чичирсэн зэрэг сөрөг нөлөө гарсан хэмээн мэдэгдээд 700 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан бол вакциныг Энэтхэгт туршиж буй компани энэ эрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэлээ ч Оксфордын энэ вакцин ихээхэн эрэлттэй байгаа бөгөөд 4-5 доллараар нэг тунг нь зарахаар маш хямд үнэлсэн тул урьдчилсан захиалга асар ихээр авсан талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. Манай улс ч энэ компанид хандсан юм. Энэ вакцины бусад өрсөлдөгчдийнх нь үнэ ойролцоогоор долоо дахин үнэтэй байгаагийн дээр АстроЗенекагийн вакциныг хадгалахад онцгой нөхцөл шаардахгүй гэдгээрээ давуу тал болж байгаа аж. 

 

Блүмбергийн жагсаалтаар "Спутник V" ердөө долдугаарт бичигджээ. Хэдийгээр Орос энэ вакцинаа сурталчилсаар байгаа ч гэсэн. 

Бариа, биш ээ, гараа 

Вакцин боловсруулах "уралдаанд " оролцсон орнууд барианд тун дөхөв. Одоо харин "хэн нь түрүүлж хүн амаа вакцинжуулах вэ" гэж уралдаж байна. 

 

Хойд хөршийн тэргүүн Владимир Путин ирэх долоо хоногоос вакцинжуулалтыг эхлүүлэхийг үүрэг болгосон юм. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш нар гээд эрсдлийн бүлгийнхнийг вакцинд хамруулах аж. 

Путин: Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхэлнэ

Их Британи ч ирэх долоо хоногоос вакцинжуулалт эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд мөн л эмнэлгийн ажилтнууд болон ахмад настан зэргийг багтаасан эрсдлийн бүлгийнхнийг вакцинд хамруулах юм байна. Их Британи Pfizer компаниас 40 сая тун вакцин урьдчилсан захиалгаар авсан бөгөөд энэ нь 20 сая хүнд хүрэлцэх юм.

 

АНУ ч мөн энэ сард багтаан вакцинжуулалт эхлүүлэхээр бослноо зарлалаа. Тус улс шат дараатайгаар хүн амаа вакцинжуулалтад хамруулан, ирэх оны гуравдугаар сар гэхэд 100 сая хүн буюу насанд хүрсэн хүн амынхаа 40 хувьд коронавирусээс сэргийлэх тарилга хийхээр төлөвлөсөн байна. 

Ингэснээр вакцин гаргах авах уралдаан өндөрлөж, хэнийх нь вакцин илүү сайн бэ гэсэн өрсөлдөөн эхэлнэ, барианы дараах гараа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ИНТЁРПОЛООС ГАРГАСАН АНХААРУУЛГА,САНУУЛГЫГ АНХААРАЛДАА АВЧ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХОД ЗГ, ЗАД, УОК АНХААРНА УУ
2020-12-03
Иргэн:
ИНТЁРПОЛООС ГАРГАСАН АНХААРУУЛГА,САНУУЛГЫГ АНХААРАЛДАА АВЧ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХОД ЗГ, ЗАД, УОК АНХААРНА УУ
2020-12-03