Путин: Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхэлнэ
2020-12-03

Коронавирусийн вакцин үйлдвэрлэл нь ирэх долоо хоног гэхэд ОХУ-д бүх нийтийг вакцинжуулж  эхлэхэд хүрэлцэхүйц хэмжээнд очсон гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын анагаахын төвүүдийг нээх зөвлөгөөн дээр мэдээлжээ.  

 

Ойрын үед 2 сая тун орчим "Спутник V" вакцин үйлдвэрлэгдэх бөгөөд энэ нь хүн амыг олноор нь вакцинд хамруулах, нэн тэргүүнд эмч, багш нарыг вакцинжуулах боломж олгож байгааг Владимир Путин онцолжээ.

 

"Бид ийм алхамд тулж ирсэн гэж та бүхэн үзэж байгаа бол ирэх долоо хоногийн сүүл гэхэд олон нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг та бүхнээс хүсэж байна" хэмээн Путин дэд сайд Татьяан Голиковад хандан өгүүлжээ.

 

Үүний хариуд Голикова, боломжийн үнэлгээ хийгдсэн бөгөөд "үр дүнг гаргаж дуусч байгаа"-г дуулгасан байна.

 

"Энэ 12 дугаар сард олон нийтийг вакцинжуулалтад хамруулж эхлэх боломж бидэнд бий. Одоо бид хүн амын нэн тэргүүнд вакцинд хамрагдах шаардлагатай зорилтот бүлгүүдийг тодорхойлж байна. Үүний хоёр нь, таны дурдсанчлан эмч нар болон боловсролын байгууллагын ажилтнууд" хэмээн Голикова мэдэгджээ.

 

Оросын дэд сайдын өгүүлснээр, вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй хийх юм байна.

 

Энэ зөвлөгөөний үеэр Голикова төрийн тэргүүндээ дараа долоо хоногт олон нийтийг вакцинжуулж эхлэхэд бэлэн болсон талаар илтгэхийн тулд бэлтгэл ажлуудыг хийж дуусгана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Путин ямар ч байсан ирэх долоо хоногт вакцинжуулалтыг эхлүүлэхийг үүрэгджээ. 

 

"Та ихэд болгоомжилж байна, бид энэ бүх зүйлд болгоомжтой хандаж, нарийн журам мөрдөх нь зүйн хэрэг. Гэхдээ үйлдвэрлэл болон сүлжээ үүнд бэлэн байгаа гэдгийг би мэдэж байна. Тиймээс эхний алхмыг хийцгээе" хэмээн Владимир Путин мэдэгджээ.

Олон нийтэд ямар вакцин тарих вэ? 

 

Орост шинэ төрлийн коронавирусийн хоёр вакциныг олон нийтийн вакцинжуулалтад ашиглахаар бэлтгэж байгаа юм. Нэг нь, Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусийн вакцин болсон "Спутник V" тарилга. Энэ бэлдмэлийг Гамалеягийн нэрэмжит төв боловсруулсан бөгөөд үр дүн нь 95 хувиас дээш гэж зарласан. Оросын анхных болсон энэхүү вакциныг дэлхийн хэд хэдэн оронд туршиж байгаагийн дээр Европын холбооноос Унгар улс ихээхэн сонирхож, дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлахаар өдгөө Унгарын төлөөлөгчид Орост ажиллаж байгаа юм.

 

Вакцинжуулалтад ашиглагдах хоёр дахь бэлдмэл нь "Вектор" төвийн "ЭпиВакКорона" вакцин юм. Энэ вакциныг 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэжээ. Харин гурав дахь вакцин болох Чумаковын нэрэмжит төвийн боловсруулж буй вакцин гурав дахь шатны клиникийн туршилтад бэлтгэх үе шатдаа явж байгаа аж.

 

Өмнө нь, Оросын Эрүүл мэндийн яам  Орост коронавирусийн вакцинжуулалтыг нэгээс хоёрдугаар сард, харин эрсдлийн бүлгийнхний хувьд 12 дугаар сараас эхлүүлнэ гэж  мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин