COVID-19: Москвад вакцинжуулалтын бүртгэл эхэлж, Петербург жуулчдаас татгалзав
2020-12-04

Орост 12 дугаар сарын гуравны өдөр бүртгэгдсэн халдварын тохиолдол дахин сөрөг дээд амжилт тогтоов. Регнум агентлагийн мэдээлснээр, хоногт илрэх халдварын тоо 2800-аар нэмэгдэн бүртгэгджээ. Москва хотноо вакцинд хамрагдах иргэдийг бүртгэж эхэлсэн бол Петербургийн эрх баригчид жуулчдыг хот руу нь ирэхгүй байхыг хүслээ. Хойд хөршид цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар тоймлон хүргэж байна. 

 

Дахин дээд үзүүлэлт

12 дугаар сарын гуравны байдлаар Орост хоногт илэрсэн коронавирусийн халдварынх тохиолдол 28 145 бүртгэгджээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт юм. Үүний өмнөх өдөр 25 345 тохиолдол бүртгэгдсэн нь долоо хоногт бүртгэгдсэн хамгийнх бага үзүүлэлт байсан ч өчигдөр ийнхүү анх удаа 28 мянгыг давжээ.

 

Өмнө нь хамгийн дээд үзүүлэлт болох 27 543 тохиолдол 11 дүгээр сарын 27-нд бүртгэгдэж байсан юм. Үүний дараа хоногийн өсөлт гурван өдөр буурч, мягмар гаригт бага зэрэг өсч 26 402 болсон бол лхагва гаригт өдрийн дунджаас 1000-аар бага тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэсэн ч 12 дугаар сарын гуравны мэдээллээр дахин эрс өсч, энэ удаад 2800-аар нэмэгдэн, хамгийн дээд үзүүлэлтдээ хүрсэн байна.

 

Пүрэв гарагт өөр нэг дээд үзүүлэлт бүртгэгдсэн нь хоногт эдгэрэн, эмнэлгээс гарсан хүмүүсийн тоо аж. Оросын шуурхай штабын мэдээлснээр, хоногт 29 502 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь урьд өмнөхтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

 

Мөн өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар хонот бүртгэгдсэн нас баралд 554 байжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө нас баралт ихээр бүртгэгдэж байсан бөгөөд лхагва гарагт 589 нас баралт, мягмар гарагт 569 бүртгэгдэж байсан гэнэ.

 

Орост цар тахал эхэлснээс хойш 2 375 546 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1 859 851 хүн эдгэрч, 41 607 хүн нас баржээ. 

 

Петербургт уушийн газруудыг хааж, жуулчдыг ирэхгүй байхыг гуйв

 

Оросын "Соёлын нийслэл" гэгддэг Санкт-Петербург хотод шинээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Халдварын дэгдэлт өндөр байгаа тул шинэ жилийн баярын үеэр  хүмүүс олноор цуглуулахгүйн тулд 12 дугаар сарын 30-наас нэгдүгээр сарын гуравны хооронд зоогийн газар, бааруудыг хаахаар болжээ. Мөн 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баар, кафе, зоогийн газрууд 19.00 цагт хаалгаа барих шаардлагатай болсон байна. Түүнчлэн эрх баригчид жуулчдыг шинэ жилийн баяраар Санкт-Петербург руу ирэхгүй байхыг хүссэн байна. 

 

"Бид зочид, жуулчдыг үргэлж дуртайяа хүлээн авдаг, гэхдээ уучлаарай, энэ жил л биш. Бүгдээрээ өөрсдийн эрүүл мэнд, хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, манай оршин суугчдын эрүүл мэндэд анхаарал тавьцгаая. Энэ жил манайд зочлох хэрэггүй" хэмээн хотын захирагч Евгений Елин мэдэгдсэн байна. 

 

Петербургт өдөр бүр коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд пүрэв гарагт 3692 халдвар хоногт бүртгэгджээ. 

 

Түүнчлэн энэ хотод концерт болон театрын үзэгчдэд хязгаарлалт тогтоон, танхимыг ердөө 25 хувь ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь  50 хувийн дүүргэлтийг зөвшөөрч байлаа.

 

Москвад вакцин тариулах хүмүүсийг бүртгэнэ 

Өнөөдөр буюу 12 дугаар сарын дөрөвний баасан гарагт коронавирусийн вакцин хийлгэх бүртгэл нээгдэх юм байна. Одоогоор зөвхөн эмч, багш, нийгмийн ажилтнууд бүртгүүлнэ гэж хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.

 

Хотын дарга өгүүлснээр, боловсрол, эрүүл мэндийн салбарын бүхий л ажилтнууд болон хотын олон нийтийн албаны ажилтнуудыг вакцинжуулалтад цахимаар бүртгэх юм байна. Улмаар хотын эмнэлгүүдэд вакцинжуулалтын 70 цаг бямба гарагт нээгдэх аж.

 

Хязгаарлалт ирэх оны дунд үе хүртэл үргэлжилж болзошгүй 

Оросын нийслэл Москва хотод ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх юм. Тухайлбал байгууллагуудын ажилтнуудын 30-аас доошгүй хувийг алсын зайнаас ажиллуулахыг ажил олгогчдод үүрэг болгосон бол ахмад настнууд гэрээсээ гарахгүй байх журам гарсан. Мөн зоогийн газар, баарууд шөнийн цагаар ажиллахыг хоригложээ.

 

Москвагийн эрх баригчид хязгаарлалтуудын үндсэн хэсгүүдийг 2021 оны дунд үеэс л цуцлах боломжтой болно гэж найдаж байгаа гэнэ.

Их гүрнүүдийн шинэ өрсөлдөөн буюу "ВАКЦИНЫ ХӨӨЦӨЛДӨӨН"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчуудыг үеийн үед аварч ирсэн агуу их Оросын ард түмэн мандтугай. Харин Оросын вакциныг авахгүй байгаа манай усан тэнэг улс төрчид сөнөтүгэй.
2020-12-04