ХятадVSАвстрали: Коронавирусийн үүсэлд Австралийг "буруутгав"
2020-12-09

Хятад, Австралийн харилцаа хурцадсан энэ үед хоёр тал нэгнээ олон асуудалд буруутгасаар байгаа юм. Энэ удаад Хятадын тал коронавирусийн халдварын анхдагч голомт нь Австрали байж болзошгүй, Австралиас импортлогдсон хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин Уханьд вирус ирсэн гэжээ.

 

Хятадын төрийн хэвлэл болох The Global Times дээр энэ талаарх нийтлэл өнгөрсөн ням гарагрт гарсан бөгөөд далайн бүтээгдэхүүний зах дээр вирус импортлогдож орж ирсэн байж болзошгүй, "нотолгоо байхгүй ч " үгүйсгэх аргагүй хэмээн бичсэн байна. 

 

Өнгөрсөн 10 дугаар сард импортын хөлдөөсөн хүнсний уутан дээрээс коронавирусийн амьд дээж илэрсний дараагаас л Хятад энэ таамаглалыг дэвшүүлж эхэлсэн юм. Коронавирус Хятадад үүсээгүй, харин Австрали болон бусад орнуудаас импортлогдсон хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин Уханийн зах дээр ирсэн байж болзошгүй хэмээн бичсэн байна. 

 

The Global Times сонины нийтлэлд "Бразил, Германы махан бүтээгдэхүүн, Австралийн стейк, Чилийн интоор, Эквадорын далайн бүтээгдэхүүнүүд" зэрэг хэд хэдэн орноос Ухань руу хөдөөсөн бүтээгдэхүүн импортлогдсон гэж бичжээ. Хятадын өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх төв 10 дугаар сард мэдэгдэл хийхдээ коронавирус хөлдөөсөн бүтээгдэхүүний уут, саван дээр удаан хугацаанд амьдрах чадвартай гэдгийг тогтоосон хэмээн онцолж байлаа.

 

Тиймээс вирус анхнаасаа л Хятад руу импортлогдсон байж болзошгүй гэж Уханийн Их сургуулийн эмгэг судлалын шинжээч Ян Жаньцю The Global Times сонинд ярьсан байна.  

 

"Өмнө нь ийм бодол огт орж ирж байсангүй. Гэвч импортлогдсон хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин Ухань руу вирус орж ирсэн байх магадлалтай гэж бодож байна " хэмээн шинжээч өгүүлсэн байна. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "хөлдөөсөн нөхцөлд вирус амьдрах чадвартай" гэдэг дэр Хятадын лабораторитой санал нэгдсэн ч үүний жишээ тун ховор байгааг онцолж байв. Харин өнгөрсөн зургадугаар сараас хойш импортын үхрийн мах зэрэг хөлдөөсөн бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн 40 гаруй тохиолдол гарсан талаар The Global Times  мэдээлжээ.

Хятадын энэ таамаглалыг барууны эрдэмтэд няцаагаад, өвчин сарьсан багваахайнаас өөр төрлийн амьтанд дамжиж, дараа нь Уханийн хүмүүст халдсан гэдэг нь илүү өндөр магадлалтай гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын энэ хотод анхлан бүртгэгдсэн коронавирусийн халдвар өдгөө дэлхий даяар тархаж, халдварын улмаас 1.5 сая хүн амиа алдаж, дэлхийн эдийн засаг хямралтай нүүр тулсан юм. 

 

Харилцаа хурцадсан үед ийм нийтлэл гарсан нь олны анхаарлыг ихээр татаж байна

Түүнчлэн The Global Times энэ нийтлэлдээ коронавирусийн үүсэлд Австралийг "буруутгаад" зогсохгүй тус улсыг "сүүлийн жилүүдэд АНУ-ын бүс нутгийн стратегийн шатрын хүү байсаар ирсэн" гээд сүүдэр нь Америкийн үндэсний бэлгэдэл болсон бүргэдийн дүрс болон харагдаж буй имжийг дүрсэлжээ.

Бээжин Австралийн дарсанд 212 хувийн татвар ноогдуулж, Афганистан дахь Австралийн цэргүүдийг цэргийн гэмт хэрэгт буруутгасан жиргээг Хятадын албан тушаалтан нийтлэсэн зэргээр хоёр орны харилцаа хурцадсан үед энэ нийтлэл гарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Гэхдээ хоёр улсын харилцаа ердөө дээрх хоёр шалтгаанаас болоод муудчихаагүй, Австрали Хятадын Хуавэй компанийг 5G сүлжээ нэвтрүүлэх ажилд оролцуулаагүй, дараа нь коронавирусийн тархалтад Хятадыг буруутгаснаас үүдэн Хятадын тал "зарлаагүй дайн" өрнүүлж, Австралийн нүүрсийг хүлээж авахгүй чангалж, улмаар дарсанд нь асар өндөр татвар ноогдуулсан юм.

 

 

Хятад Австралийг дахин "чангалав"

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Р:
Ха ха
2020-12-09
Мөнхжаргал:
Хэнийг ч хамаагүй буруутгах гэж Хятадууд улайрч байгаа биз дээ. АНУ - гаас гээд л ,Италиас гээд л, Энэтхэгээс гээд л , Австралиас гээд л.
2020-12-09
Zochin:
Nuursnees ni harim manius hojil avch bgaa bhaa
2020-12-09
Р:
Ха ха