Глобал Таймс: Австралийн нүүрсний салбар цаашид ч алдагдалд орно
2020-12-11

Австрали, Хятадын харилцаа таагүй болсноос үүдэлтэйгээр нүүрсний худалдааны нөхцөл байдлын талаарх Global Times сонин нийтлэлийг товчлон хүргэж байна. Хятадын Global Times сонин БНХАУ-ын эрх баригчдын байр суурийг илэрхийлдэг гэгддэг.

 

Хятад, Австралийн харилцаа эрчимтэй муудсан нь нүүрсэнд нөлөөлөх эсэх нь энэ зах зээлийн анхаарлыг ихээр татсан нь ойлгомжтой. Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятад руу нүүрс экспортлодог гол орнуудын дунд Австрали хамгийн өндөр үзүүлэлттэй байж, Австралиас ирсэн импортын нүүрс 77.4 сая тонн болж дээд түвшинд хүрсэн ч Хятад Австралийн нүүрсийг авахаа багасгах нь эдийн засгийн хувьд боломжтой алхам юм. 

 

Даваа гарагт Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн статистикт дурдсанаар Хятад руу нийлүүлэгдэх нүүрсний импорт сүүлийн саруудад тасралтгүй буурч байна. Өнгөрсөн сард Хятадын нүүрсний импорт 11.67 сая тонн болж буурсан нь долдугаар сард 26.1 сая тоннд хүрч байснаас даруй 55 хувиар бага байгаа бөгөөд жилийн дүнгээр долоон сар дараалан импорт буурч байгаа юм.

 

Импорт багасахад улирлын хүчин зүйлс нөлөөлсөн ч Хятад олборлох түлшний тал дээр хандлагаа өөрчилж байгаатай ч холбоотой.

Хятадын дээд удирдлага 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хаягдалас ангид болох зорилтыг дэвшүүлсэн тул Хятадын эрчим хүчний хангамжийг шинэ, цэвэр эрчим хүчний эх үүсвэрээс хангах суурь арга хэмжээнүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Үүнийг дагаад дотоодын нүүрсний цахилгаан станцуудыг ч татан буулгах ажлаа үргэлжлүүлнэ. 

 

Үүний зэрэгцээ, Хятад улс нүүрсний томоохон үйлдвэрлэгч бөгөөд хилийн чанадаас авах нүүрсний импортоо багасгах нь зах зээл дээр үүссэн хэрэгцээг хангахад дотоодын тоглогчдод томоохон боломж олгох юм. 

 

Түүнчлэн Австрали улс Хятадын эсрэг байр суурь удаа дараа гаргасан нь хоёр улсын харилцаа хөндийрөх шалтгаан болсон бөгөөд үүний дараа Хятад улс нүүрсний бусад томоохон нийлүүлэгчидтэй худалдааны харилцаагаа бэхжүүлж байна.

 

Статистик мэдээллээс харахад, Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээрээ Монгол улс нэгдүгээрт бичигджээ. Монгол улс 10 дугаар сард 3.9 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлсэн байна. Үүний араас, 3.5 сая тонн нүүрс нийлүүлсэн Орос улс жагсжээ.

 

Индонези ч мөн Хятад руу нүүрс нийлүүлдэг томоохон нийлүүлэгч бөгөөд саяхан Хятад болон Индонези улс саяхан 1.46 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий Индонезийн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан юм. 

 

Индонезийн нүүрсийг Хятад руу нийлүүлэхэд багахан зайг туулна. Харин Орос, Монголын нүүрсийг өртөг багатай төмөр замын тээврээр хүргэчхэж болно. Эндээс харахад Австралиас өөр Хятадад нүүрс импортлох маш олон суваг байгаа юм. 

 

Сүүлийн саруудын Хятад, Австралийн худалдааны үзүүлэлт олонхын төсөөлж байсан шиг тийм ч муу байсангүй. Гэхдээ 11 дүгээр сар Хятадыг чиглэсэн Австралийн экспорт дараалан буурсан хоёр дахь сард тооцогдож байгаа юм. Хоёр орны харилцаа таагүй байгаа энэ үед хоёр талт худалдаа цаашид ч буурч болзошгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. 

 

Нүүрс бол Австралийн экспортын хоёр дахь чухал бараа. Хятад дэлхийн нүүрсний томоохон худалдан авагч. Хятад, Австралийн хоорондын худалдаа хумигдаж байгаа талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тасралтгүй гарч байгаа энэ үед Хятад Австралийн нүүрснээс татгалзсан явдлыг бусад орнууд өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд төрөл бүрийн санал тавьсаар байна. Одоогоор Канадын нүүрс экспортлогчид ч 2021 онд Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 

Австрали Хятадтай эв зүйгээ олохоос татгалзсаар байвал Австралийн компаниуд зах зээл дэх өөрсдийн эзлэх хувийг бусад орнуудын өрсөлдөгчдөд алдаж, Австралийн ажилчид, өрхүүд эдийн засгийн хүндрэлийг илүүтэй амсах юм.

Хятад VS Австрали: Хятадын цохилтууд үргэлжилсээр л...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Erthen tumor sama tavisan bol:
Hudlaa hereldej baihaar Tumurzamaa erthen tavisan bol odoo iim ued sanaa amar nuursee gargaj baihgui yu? Hudlaa bashan tank yariad bsan.orosoor damjuulaad l zarah yum bolson yasan be?
2020-12-12