Хятад VS Австрали: Хятадын цохилтууд үргэлжилсээр л...

Хятад, Австралийн харилцаа хурцадсаны улмаас Австрали улс ихээхэн хохирол хүлээхүйц шийдвэрүүдийг Хятад ээлж дараалан гаргасаар байна. Австралиас нүүрсийг нь авахгүй боомт дээрээ олон сар уян чангалж, дарсанд нь 200 гаруй хувийн татвар ноогдуулсан Хятад энэ удаад худалдааны түншээсээ мод, болон үхрийн амх авахгүй байхаар шийджээ.
Тодруулбал, Тасмани болон Өмнөд Австрали мужуудаас мод импортлохоо 12 дугаар сарын гуравны өдрөөс зогсоож байгаа талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна. Үүнийхээ шалтгааныг мөн л нүүрс авахгүй шийд гаргахдаа хэлж байсан "чанарын шаардлага"-тай холбон тайлбарлажээ. Импортлогдож буй бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаагүй, модноос шавж олдсон тул ийнхүү Австралиас мод авахаас татгалзсан байна.
Түүнчлэн Австралийн Meramist Pty компаниас үхрийн мах авахаа зогсоожээ. Энэ нь 2020 онд Хятадын хоригт орсон Австралийн зургаа дахь нийлүүлэгч юм. Австралийн үхрийн махны нийлүүлэлт есдүгээр сард 14 мянган тонн байсан бол 10 дугаар сард 12 мянган тонн болон эрс буурсан байна.
Шинээр тавьсан энэ хязгаарлалтууд нь Австралийн Хятад руу хийх экспортын хэмжээг 1 хувиар бууруулах аж.
Хоёр орны харилцаа хурцадсаны улмаас Хятад Австралийн хавч, нүүрс, арвай, дарсны импортыг тасалдуулаад байгаа юм. Үүн дээр мод, үхрийн мах нэмэгдсэн бол Австралийг "чангалах" бүтээгдэхүүний жагсаалт үүгээр ч зогсохгүй бололтой. Австралийн Засгийн газрын эх сурвалжууд Хятад тус улсын арвайг хязгаарласантай адилаар улаан буудайд хязгаарлалт тавьж болзошгүй гэж үзэж байгаа талаар Блүмберг мэдээлсэн байна.
Хятад, Австралийн сөргөлдөөн
Хоёр орны сөргөлдөөн 2018 оноос эхлэлтэй.2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүссэн бөгөөд энэ жил Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалснаар харилцаа улам хурцадсан юм.
Ингээд 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экпортыг хориглосон. Одоо Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч өнөө хэр Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр хэдэн сар зогсож байгаа юм. Эдгээр хөлөг онгоцууд дээр 5.7 сая тонн нүүрс, хөлгийн багшийн 1000 орчим гишүүн байгаа аж.
Нэгэндээ тун чухал худалдааны түншүүд болох Хятад, Австралийн харилцаа хурцадмал байгаа үед Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Австралийн цэргийг хүүхдийн хоолойд хутга тулгаж байгаа эвлүүлсэн зургийг твиттер хуудсандаа нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Энэ явдал өнгөрсөн сарын сүүлээр болсон бөгөөд Австралийг гутаан доромжилсон гэж үзэн Ерөнхий сайд нь Хятадын эрх баригчдаас уучлалт гуйхыг шаардаж байлаа. Гэсэн ч тэдний хүлээлт талаар болсон төдийгүй Хятадын төрийн хэвлэл нь Австралийг коронавирус тараасан байх магадлалтай гэж шууд бусаар буруутгасан нийтлэл гаргасан юм.
Хятад, Австралийн сөргөлдөөнд "жиргээ" нэрмээс болов
ХятадVSАвстрали: Коронавирусийн үүсэлд Австралийг "буруутгав"
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ