Хятад VS Австрали: Хятадын 10 хотод эрчим хүч хязгаарлаж эхлэв
2020-12-22

Нүүрсний хомстлын улмаас Хятадын зарим хотод эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьжээ. Энэ нь гол нүүрс нийлүүлэгчдийн нэг Австрали улстай Хятад худалдааны маргаан үүсгэснээс үүдэлтэй гэж Financial Times сонин мэдээлсэн байна. 

 

Хятадын үйлдвэр болон станцууд Австралийн нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд Австралиас нүүрс авахгүй байгаа энэ үед Хятадад томоохон асуудал тулгарч, үүнийг шийдвэрлэх хувилбаруудыг хайж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад дахь нүүрсний нөөц буурч, харин үнэ нь 60 хувиар өсчээ. 

 

Улмаар Хунань мужийн эрх баригчид хэмнэлт хийхийн тулд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхийн дээр хотын гэрэлтүүлгийг шөнөөр унтрааж байхаар болсноо зарлаж байв. Түүнчлэн Чанша хотод цахилгаан шатны эрчим хүчний хангамжийг зогсоохоор шийдвэрлэжээ. Нийтдээ, Хятадын 10 хотод эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа гэнэ.

 

 

 

Ийнхүү нүүрсний гол нийлүүлэгчтэйгээ "зөрөлдсөний" дараа Австралийн экспортын тасалдлаас үүдэх хоосон орон зайг бусад нийлүүлэгчдээс нөхөх төлөвлөгөөтэй байгаа талаар Хятадын "Глобал Таймс" сонин мэдээлж байлаа. Тодруулбал, Монгол, Орос, Индонези улсуудаас нүүрс авахад илүү хялбар гэж "Глобал таймс" нийтлэлдээ онцолж байв. Түүнчлэн, Австрали, Хятадын харилцаа хурцадсаны дараагаас БНХАУ Орос, Индонези улсаас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээ хийжээ.

 

Хятад, Австралийн сөргөлдөөн 

Хоёр орны сөргөлдөөн 2018 оноос эхлэлтэй.2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг  оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүссэн бөгөөд энэ жил Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалснаар харилцаа улам хурцадсан юм.

 

Ингээд 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экпортыг хориглосон.  Одоо Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч өнөө хэр Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр хэдэн сар зогсож байгаа юм. Эдгээр хөлөг онгоцууд дээр 5.7 сая тонн нүүрс, хөлгийн багшийн 1000 орчим гишүүн байгаа аж. 

 

Нэгэндээ тун чухал худалдааны түншүүд болох Хятад, Австралийн харилцаа хурцадмал байгаа  үед Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Австралийн цэргийг хүүхдийн хоолойд хутга тулгаж байгаа эвлүүлсэн зургийг твиттер хуудсандаа нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Энэ явдал өнгөрсөн сарын сүүлээр болсон бөгөөд Австралийг гутаан доромжилсон гэж үзэн Ерөнхий сайд нь Хятадын эрх баригчдаас уучлалт гуйхыг шаардаж байлаа. Гэсэн ч тэдний хүлээлт талаар болсон төдийгүй Хятадын төрийн хэвлэл нь Австралийг коронавирус тараасан байх магадлалтай гэж шууд бусаар буруутгасан нийтлэл гаргасан юм. 

Глобал Таймс: Австралийн нүүрсний салбар цаашид ч алдагдалд орно

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин