Навальный Кремлийг, Кремль түүнийг "агуу ихийн дон"-д буруутгав
2020-12-23

Өнгөрсөн зун бие нь гэнэт муудаж, улмаар Германд эмчлүүлж байсан Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэх дуулиан өнөөдрийг хүртэл олон улсын анхаарлын төвд байсаар байна. 

 

Энэ дуулианд барууны хэвлэлүүдийн эрэн сурвалжилсан нийтлэлүүд болон Навальный өөрийг нь хөнөөхөөр завдсан нэгэнтэй утсаар ярьсан гэх нэвтрүүлэг гал дээр тос нэмсэн хэрэг болов. 

Навальный өөрийг нь хордуулсан хүмүүсийн нэгийг "барьжээ"

Дуулиан тарьсан нэвтрүүлэг болон түүнийг тойрсон байр суурийн талаар тоймлон хүргэж байна.

 

Холбооны аюулгүй байдлын ажилтантай Навальный хэрхэн холбогдов?

Навальныйн өгүүлснээр өөрийг нь хөнөөх ажиллагаанд оролцсон Холбооны аюулгүй байдлын ажилтантай 12 дугаар сарын 14-ний өглөө буюу түүнийг Холбооны аюулгүй байдлын ажилтнууд хордуулсан байж болзошгүй гэх Bellingcat, The Insider, Der Spiegel болон Си-эн-эн агентлагуудын нийтлэл гарахаас хэдэн цагийн өмнө утсаар холбогджээ.

 

Навальный Зөвлөлтийн химийн зэвсэг үйлдвэрлэж байсан Шиханы дахь цэргийн ангид алба хааж байсан, Холбооны аюулгүй байдлын Криминалистикийн хүрээлэнгийн цэргийн химич Константин Кудрявцевтэй холбогдсон гэж ярьсан байна. Утасныхаа дугаарыг өөрчилж болдог тусгай апликейшнээр залгасан тул Кудрявцев ажлаас нь ярьж байна гэж бодсон хэмээн Навальный өгүүлжээ. 

 

"Өглөө долоон цагт залгасан. Албаны танил дугаар харангуутаа утсаа аваад л ярьж эхлэх нь тэр" хэмээн Навальный ярьжээ. Навальный Кудрявцев гэгчтэй 45 минут орчим хугацаанд ярьсан бөгөөд өөрийгөө Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын туслах гэж танилцуулан, даргадаа илтгэл тавихын тулд зарим мэдээлэл хэрэгтэй байгаа гэж хэлсэн байна.

 

Тэд утсаар юу ярив? 

Навальный өөрийгөө Патрушевийн туслах Максим Устинов гэж танилцуулжээ. Утсаар ярихдаа үедээ тэрбээр Кудрявцев өөрийг нь мөшгиж байсны дээр Навальныйг Берлин рүү хүргэсний дараа Омск хотод ирсэн гэдгийг мэдэж байсан гэнэ. The Insider болон Bellingcat эрэн сурвалжлах нийтлэлүүддээ Кудрявцев "Новичок" бодисын ул мөрийг арилгахаар Навальный хувцсыг авах гэж Омск руу ниссэн гэж таамаглажээ. 

 

Энэ нь Навальный, Кудрявцевын ярианы үеэр батлагдсан гэж Навальный өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Кудрявцевд хувцсыг "Новичок"-оос цэвэрлэх даалгавар өгөхдөө хор шингээсэн дотоожны дотор талд онцгой анхаарах даалгавар өгсөн гэнэ. 

 

Ажиллагааг сайтар төлөвлөсөн, харин бүтэлгүйтсэн нь нөхцөл байдлын тохиолоос үүдэлтэй гэж Кудрявцев  өгүүлжээ. Түүний өгүүлснээр нисгэгч маш хурдан онгоцоо буулгаагүй бол, харин түргэн тусламжийн эмч нар атропин хийгээгүй бол Навальный амьд гарахгүй байсан гэнэ. Энэ ажиллагаанд өөрийнх нь дарга Станислав Макшаков \хор судлаач эрдэмтэн, Новичок-ийн мэргэжилтэн, Шиханыд ажиллаж байсан\, Иван Осипов, Алексей Александров нар оролцсон гэж Кудрявцев ярьсан байна. 

 

Кудрявцев мөн Навальныйг хордуулах ажиллагаанд оролцсон ес дэх хүнийг ч нэрлэсэн бөгөөд тэр нь Василий Калашников гэнэ. Тэрбээр Омск хотод нисэж ирээд түүнтэй холбогджээ.  Василий Калашников бол хийн хроматографийн салбарын шинжээч бөгөөд энэ нь биологийн дээжүүдэд мэдрэл саажуулах хэсгүүдийн метаболитуудыг илрүүлэх орчин үеийн арга юм байна.  

 

Кудрявцев Навальныйтай утсаар ярихдаа Холбооны аюулгүй байдлын албаны алан хядах ажиллагаатай тэмцэх орон нутгийн газрыг тэргүүлдэг "Михаил" Навальныйн хувцсыг цэвэрлэ гэж өгсөн гэнэ. Навальный энэ Михаил гэдэг хүнтэй ч утсаар ярьжээ. Харин Михаил утсаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан ч Кудрявцевд хувцас өгсөн, тэд тээврийн цагдаагийн орон нутгийн ажилтнуудтай хамтран ажилласан гэдгийг баталсан аж. 

 

Барууны хэвлэлүүдэд гарсан Навальныйн хэргийн тухай нийтлэлүүд 


Bellingcat, Der Spiegel болон Си-эн-эн агентлагуудын хамтарсан эрэн сурвалжлах нийтлэл 12 дугаар сарын 14-ний өдөр нийтлэгджээ. Энэ нийтлэлд Навальныйг хордуулахад Холбооны аюулгүй байдлын ажилтнууд холбоотой, тэд Навальныйн араас дөрвөн жил мөшгөсөн хэмээсэн байна.

 

Нийтлэлд таамагласнаар Навальныйг хордуулах ажиллагаанд Оросын Холбооны Аюулгүй байдлын Криминалистикийн хүрээлэнд ажилладаг байж магадгүй найман ажилтан Навальныйтай ойр харилцаатай байсан бөгөөд түүнийг мөшгөж байсан, тэр дундаа улс төрчийг хордуулахаас хэд хоног, хэдэн цагийн өмнө араас нь дагаж байсан гэх.

 

Түүнчлэн, нийтлэлд өгүүлснээр, Навальныйг хордуулсан байж болзошгүй бүлэг хүмүүсийн сүүлийн жилүүдэд зорчсон хөдөлгөөнийг судласан байна. Тухайлбал 2017 онд Холбооны аюулгүй байдлын албаны энэ багийн томилолтуудын чиглэл Навальныйн чиглэлээс зөрсөн ганцхан тохиолдол байгаа гэнэ. 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Алексей Александров болон Владимир Паняев нарын офицерүүд Москвагаас Астрахань руу нисч, хоёр хоногийн дараа эргэн иржээ. Харин Навальный энэ үеэр Астрахань руу яваагүй гэнэ. Гэхдээ Навальный үүнээс хэдхэн хоногийн дараа блогтоо бичихдээ Астрахань руу нисэхээр тийз авсан ч нүд нь өвдсөний улмаас аяллаа цуцалсан хэмээн бичиж байжээ. 

 

Холбооны аюулгүй байдлын албаны дээрх бага 2017 оноос л амь насанд нь халдах оролдлого хийсэн үү эсвэл түүндээ бэлтнэж байсан уу гэдэг нь тодорхойгүй. 

Навальныйн "агуу ихийн солиорол"

Гадны хэвлэлүүдэд гарсан эрэн сурвалжлах нийтлэлийн дараах Навальныйн нэвтрүүлгийн талаар сэтгүүлчид Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос байр суурийг нь сонирхжээ. Дмитрий Песков Навальныйд "агуу ихийн солиорол", "мөшгөхийн дон" ажиглагдаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

 

"Би бага зэрэг хэтрүүлж байж мэдэх юм. Гэхдээ ихэвчлэн хэлдэггүй, учир нь ингэх эрх байхгүй хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг өөртөө өгчихье. Ерөнхийдөө өвчтөнд мөшгөхийн дон илэрч байгаа нь ажиглагдаж байна. Түүнчлэн тэр өөрийгөө Иисүстэй хүртэл зүйрлэж байгаа нь агуу ихийн солиоролд автсаныг илэрхийлж болох юм" хэмээн Песков мэдэгджээ. 

 

Навальныйн шинэ нэвтрүүлгийг Холбооны аюулгүй байдлын албаныхан албаны нэр хүндэд халдсан, хуурамч гэж мэдэгдсэн бөгөөд энэ тал дээр Песков нэмэлт тайлбар хийгээгүй байна. "Би үүн дээр нэмж тайлбар хийх нь утгагүй" хэмээн Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга өгүүлжээ. 

 

Харин Кремлийнхэн Навальныйн шинэ нэвтрүүлгийг үзсэн эсэх талаар асуухад "Бидэнд тийм нэвтрүүлэг үзээд суух зав байхгүй. Ерөнхийдөө хангалттай их ажил байна" хэмээн хариулжээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

 

Путин: Навальныйг хордуулах л байсан бол гүйцээчих байсан шүү дээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ тэнэг новшийн тухай юугаа нийтлээд байгаа юм бэ?
2020-12-24