Нигерид коронавирусийн шинэ штамм илэрчээ
2020-12-25

Мутацийн онцгой хэлбэр бүхий коронавирусийн шинэ штамм Нигерид илэрчээ. Энэ талаар Африкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийнх захирал Жон Нкенгасонг мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр саяхан Британид олдсон шинэ төрлийн хувилбартай огт адилгүй, онцгой вирус-мутант илэрсэн гэнэ. Гэхдээ ӨАБНУ-д энэ сарын 18-нд илэрч, цар тахлын хоёр дахь давалгааг үүсгэсэн 501.V2 коронавирусийн хувилбартай Нигерид олдсон шинэ штамм зарим талаараа төстэй байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. 

 

Мутант вирус Ниегийн Осун мужаас найм болон 10 дугаар саруудад авсан дээжнээс илэрсэн байна. Урьдилсан дүгнэлтээр энэ вирус нь Өмнөд Африкийнх шиг илүү халдвар тархаах чадвартай биш гэнэ. Гэхдээ коронавирусийн шинэ штаммын онцлогуудын талаар ярихад эрт, нэмэлт судалгаа шаардлагатай гэж Нкенгасонг мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Нигерид энэ оны хоёрдугаар сард коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээр тус улс COVID-19 илэрсэн  Африкийн анхны улс болсон юм. Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 80.9 мянгыг давж, үүнээс 69.2 мянга нь эдгэрсэн бол 1236 хүн өвчний хүндрэлийн улмаас нас баржээ. 

Коронавирусийн мутаци ба түүнийг дагасан хязгаарлалтууд

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин