АВТОБУС №51: “Айлын хүүхдүүд дуу, шүлэг мэднэ, манайх л байхгүй”
2020-12-25

Сайн байцгаана уу. Хөл хориотой, хөнгөн гунигтай арванхоёрдугаар сарын мэнд. Өдийд автобусанд ч ямар даашинз өмсөх яаж гоёлоо худалдаж авах тухай нөхөртөө хошуу дэвсэх эхнэрийн үг, хариуд нь нөхрийнх нь “Ноднингийн плаж чинь яасан юм” гэх хайнгадуухан хариулт. Байгууллагын шинэ жилдээ зориулж байдгаараа гоёсон залуусын “таксиддаг л байж” гэх халаглал ч сонсогддог сон. Ийм яриа, тийм гоё ганган залуусгүй. Өглөө бүр энэ хотод ганцаар үлдсэн мэт хүйт даасан мэдрэмжтэй, ганц нэг хүн зөрж өнгөрөхөд нь баярламаар болох ч өр зээл, өвчний тухай хүнд бодол түүнийг бөгтийтөл дарж унтууцал дүүрэн явах шиг санагдана. Ингээд “эзгүй” хотоос элдэв өнгө эрээвэр хураавар тэмдэглэл буулгаснаа хүргэе. Таалан болгооно уу.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Боловсролгүй л болохоос...”

 

Хэдий хатуу, хэцүү цаг үргэлжилж, таагүй төсөөлөл дүүрэн ч Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд суусан аав, ээж хоёрын үр хүүхэд, хичээл номын тухай яриа тун дулаан. Өглөө 08.00 цагт эхнэр ажилдаа явж буй. Харин нөхөр хүүхдээ харж гэртээ үлдэнэ. Гэхдээ эхнэр түүнд АТМ-аас мөнгө авч өгөхөөр ийн цуг явж буйг ярианаас нь ойлгов.

 

“Би чамд 20 мянган төгрөг авч өгье. Чи тэгээд цаадуултайгаа тансаглачих ваа. Шуудай мод авна шүү. Нэг молоко аваарай. Жижигээ дангаар нь шахаад идчихдэг шүү, нуугаарай. Тэгээд тэр Жижигээд теле хичээлийг нь үзүүл. Юу ч мэдэхгүй хүн боллоо. Эрхлэхээс өөр ид шидгүй” гэхчлэн 40 дөнгөж л шүргэж яваа эгч зогсоо чөлөөгүй үргэлжлүүлэн ярив. Жаахан зай аваад араас нь дахин үргэлжлүүллээ.

 

“Чи ер нь өдөртөө юу хийж өнждөг хүн бэ. Цаад хоёрынхоо цахим хичээлийг нь сайн үзүүл л дээ. Тэр ангийнх нь группт гурван настай хүүхэд юу юу сурсан байх ёстойг багш нь оруулсан байна билээ. Манай өнөөх нэгийг нь ч чадахгүй. Айлын хүүхдүүд сүрхий дуу, шүлэг мэдэх юм, манайх л байхгүй”.

 

Энэ удаад аав хариу хэлсэн нь хүүхдээ сүрхий өмөөрсөн үг байв. “Миний охин чинь боловсролгүй л болохоос сэргэлэн”. Эхнэр түсхийтэл инээд алдаад “Хүүе боловсролтой гурван настнууд байна цаана чинь. Чи тэр ангийн группт ээж, аавуудын оруулсан бичлэгийг үзээрэй” гэв.

 

Чимээгүйхэн чагнаж явсан аавын бодож бодож хэлсэн энэ үг эрхгүй инээд хүргэв. Нээрэн гурван настай хүүхэд ямар боловсрол эзэмшсэн байх ёстой юм бол. Цахим хичээл, хөл хорио хаалга бүрийн цаана өөр өөрөөр л өрнөж буй. Цэцэрлэгийн атаманууд юу сурч мэдэж суугаа бол доо.

 

“Ажил хурдан эхлээсэй. Орой бас ямар хоол хийнэ ээ, чи хэд гээд тарах юм бэ, эртхэн ирэхийг бодоорой” гэж нөхөр эхнэртээ хошуу дэвссээр тэд Хөтөл дээр бууж одлоо.

 

“Талх, сүү авсан”

 

Хөлдөө эсгий гутал угласан, пөөнийсөн бараан куртик өмссөн, гартаа том даавуун ууттай зүйл барьсан луглараг эр Цэцэг төвөөс автобусанд суулаа. Амны хаалт нь халтардсан, өмссөн хувцас нь хиртсэн энэ эр эргэн тойрноо ажиглаж байснаа хамгийн арын суудалд суусан охинд тэр холоос хандан нэг зүйл хэлэв. Нөгөөх нь хариу хэлэлгүй цэхэлзэв. Түүний асуулт иймэрхүү таагүй хариулттайгаар тойрсоор над дээр ирлээ.

 

Эхлээд ойлгосонгүй, дэмий л толгой дохив. Тэр дахин гараа савчин чанга дуугаар “Утсаараа яриулчих. Миний цэцэг дуусчихаад байна” гэв. Өгөхгүй гэж бодсон ч үзээд алдъя гэж бодсон юм уу, “За дугаараа хэлээрэй, залгаад өгье” гэхэд тэр өөрийнхөө асуултаас өөрөө цочих шиг болж түгдэрсхийж 8675....гэж хэллээ.

 

Утсаа өгөхөөр гар сунгахад хоёр алгаа дэлгэн байдгаараа бөөцийлсөн шинжтэй гар утсыг минь аваад ярилаа.

 

-Байна уу, байна уу /автобусаар нэг орилов/

 

-Би очиж явна аа. Талх, сүү авсан. Тийм ээ авсан авсан.  

 

-Тэр яах вэ. Би маргааш өөрөө Баянхошууны эцэс ороод авчихна.

 

-За за, очиж байна

 

Цаадах нь сонсохгүй байсан уу, цухалдуу байртай ийн хэдэн үг хэлээд мөн л утсыг минь унагачих вий гэж их л болгоомжилж буй бололтой хоёр гардан бариад буцаан өгөхдөө “Уучлаарай, баярлалаа миний дүү” гэв. Хариуд нь “Зүгээр дээ ах, аа” гэлээ. Хором чимээгүй явснаа дахин “Баярлалаа, миний дүү” гэсэн. Хүн өөртэй нь хүн шиг харилцсанд л хачин баярлаад байх шиг санагдав. Таних танихгүй, таалагдсан, таалагдаагүй хамаагүй хааяа хэн нэгэнд чадахаараа туслах сайхан. Хариуд нь төсөөлөөгүй талархал сонсоход сэтгэл дүүрэн. Бидний таагүй ханддаг, бидэнд таагүй харагддаг хүмүүст ч сэтгэл зүрх, соёл иргэншил уг нь бий. Хүн л тоож харьцдаггүй болохоос. Цэгнэж цэрвэлгүй хүн бүхэнд тустай, дэмтэй явахын сайхныг аав үргэлж захидаг сан...

 

“Эксел”-тэй ах

 

Өдөрхөн тийш Багшийн дээдээс 13 хороолол орох ажлаар ойрхон зуур тул таксидлаа. Цэнхэр өнгийн “Приус-11” нөгөө урсгалаас намайг сигналдаж, цонхоо доошлуулаад “Энүүхэнд эргээдхье” гэж байна. Настайвтар ах намайг суулгаад хөдөллөө. Яриа хөөрөө дүүрэн хүн аж.

 

-Такси олдохгүй байна уу. Гадаа хүйтэн байна шүү, тийм ээ?

 

-Харин тийм байна. Такси тун ховор байна.

 

-Суусан хүмүүс такси олдохгүй байна л гэх юм. Надад хүн нь олдохгүй юм. Хаагуур гар өргөөд байдаг юм.

 

-Та байнга таксинд явж байна уу

 

-Үгүй ээ, Өчигдрөөс л талхны мөнгө олох санаатай гарч байна. Өчигдөр байхгүй ээ, таван мянган төгрөг л олсон, хэхэ. Өнөөдөр ч ялгаагүй л явна. Азаар энэ муу машин маань бага идэх юм даа. Залуучууд суугаад “Таны машин чинь Эксел юм биш үү” гээд шоолоод байдаг юм. Уг нь 20-иосоо төмөр сайтай машин шүү дээ. Ах нь дөрвөн жилийн өмнө авсан юм. Эхнэр, хүү хоёр голоод унадаггүй юм. Би муу машиндаа бол хайртай. Сайн унаа байгаа юм.

 

-Та коронагаас айж байна уу, ах?

 

-Айсан байтлаа ингээд таксинд явж байх уу, гайгүй дээ.

 

-Танай ажил зогсчихсон уу?

 

-Ах нь урд Цагаан хаданд том тэрэг барьдаг юм. Хөл хорионоос өмнө хотод ирчихээд буцаж явж чадахгүй л байна.

 

-Би Замын хойд талд тэр харагдаж байгаа цэнхэр барилгад ороод хүнд юм өгөх юм. Та харалдаа зогсчих юм уу.

 

-Өө ах нь буцаж эргээд үүдэнд нь буулгаад өгье.

 

-Би ороод уг нь удахгүй. Та намайг хүлээж байх юм уу. Тэгээд хоёулаа буцаад хөдөлсөн газраа очих уу?

 

-За тэгье, би хүлээж байя.

 

“Би энд буцаж эргээд хүлээж байя” гэх ахын үгтэй хамт хаалгыг нь хааж орхиод дотогш гүйлээ. Ороод хүн хүлээх шаардлагатай болсон тул ахыг явуулахаар буцаад гүйсээр очиход ах “Хүүе, битгий гүйгээд бай. Халтирч унав. Яаралгүй яв аа” гээд хүд хүдхийтэл инээж байна.

 

-Таныг хүлээлгэчихлээ гэж санаа зовоод. Би энд удахаар боллоо. Та энэ 5000 төгрөгөөс хүлээлгээ нэмээд мөнгөө авчих

 

-Хүлээж шалиагүй шүү дээ, 1800 гарсан байна. Манай энэ чиний хариулт гээд 3200 төгрөг буцаан өгөв.

 

Ийм нэгэн чин шударгуу, гүндүүгүй ахаас дулаахан сэтгэгдэлтэй саллаа. Хүлээлгэсэн гэж унтууцсангүй, хүлээлгийн мөнгө нэмж ч авсангүй таванзуугийн бүхэл тоолууртай таксидчаас тэс өөр 3200 төгрөг хариулж өгсөн нь үнэлмээр санагдав.  “Битгий гүйгээд бай” гэж халамжилсан нь бас л аавыг минь бодогдуулав. Хүний өмнөөс амьдраагүй, хүүхдээрээ шахуу ах нар нөмөртэйг яана.

 

Хий, хоосонгүй, хэлбэр хөөсөн худалгүй инээд, гуниг, баяр, жаргал бидний дунд л алхаж явдаг юм. Энэ хүрээд энэ удаагийн автобусны тэмдэглэлээ дуусгаж байна. Шинэ жилгүй ч шинэ хүсэл мөрөөдөлтэй 365 хоног дахиад л бидэнд ирнэ. Ирэх өдрүүдийн зүг инээмсэглэх л хэрэгтэй юм шүү. Эргэн уулзъя, баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Mom:
hehe bolovsrolgui bolohoos sergelen...bi ch bas tushiitel ineelee...eruul sergelen bol tegeed l boloo iluu yumand het shunaj unuudriin az jargalaa bitgii aldaarai gej ehnert n helmeer bn...helgui holgui uvchtei huuhed bol yun enenees hetsuu shuu dee...unuudurtuu baigaadaa talarhay humuusee...Happy New Year!
2020-12-25
Сайхнаа:
Тийм шүү хорвоод сайхан хүмүүс нь муугаасаа илүү их бий шүү дээ. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла. Гоё бичвэр бн. Баярллаааааа
2020-12-25