АВТОБУС №52: Хөл хориог “хайрлах” ШАЛТГААН
2021-01-09

Сайн байцгаана уу. Шинэ он, шинэ сарын мэнд хүргэе. Энэ удаагийн тэмдэглэлээр хаалга бүрийн цаана өөр, өөрөөр өрнөж буй хөл хориог зураглах гэж байна. Таалан болгооно уу.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг Feeling by Tulgaa skizz хуудаснаас ашиглав

 

Өмнө нь өглөө яардаг, орой ч бас яардаг. Эрт унтдаг. Сэрүүлгээр сэрдэг өглөө, өдөр хоногууд яасан хэвийн, яг л зурчихсан юм шиг адил байгаа вэ. Өнөөдөр харин хөл хорио айл бүрт өөр өөр өнгө төрхийг буй болгож байгаа.

 

Заримдаа бодох санах зүйлгүй, гарч орох ч шалтгаангүй гэртээ бүгсэн энэ цаг хугацааг эргээд олдохгүйг нь санахаар тэхийгээд хэвтээд л баймаар. Заримдаа өглөө 05.00 цагт унтахаар зэхэж, үдээс хойшдоо сэрж байгаагаа яав ч эгэл, энгийн үзэгдэл биш хэмээн хүлээн аваад “Юу хийх вэ” гэж зорилгогүй яарах л юм.  Энэ мэтчилэн таагүй, хар бараан, тааламжтай амар тайван гээд хүн бүр янз янзийн сэтгэл санаатайгаар хөл хориог өнгөрүүлж байна. 

 

Киночид

 

Цахим хуудастаа тоо баримт, судалгаа, бизнесийн талаар л бичдэг нэртэй эдийн засагч нэг л өдөр солонгос драм үзэгчийн эгнээнд шилжлээ. Түүнийг “Crush landing on you” үзээд Со Еэ Жинд “сэтгэлд татагдана” гэж бид санаагүй шиг өөрөө ч төсөөлөөгүй биз. Тоон дундаас толгой өндийдөггүй эдийн засагчдад ч олон ангитын гол дүрд дурлаж, догдлох хөнгөхөөн мэдрэмж сэтгэлийн тэнд нь хургаж  явдаг байх нь. Яг одоо түүний мэдэрч байгааг мэдрэхсэн гэхээс байж ядна. Жилийн өмнө энэ киноны хоёр Солонгосын хил дээр бие бие рүүгээ гүйдэг хэсэг дээр “Үгүй ээ, болохгүй шүү дээ” гэж  цочтол хашхирч, нүдээ тас аньсан. Тэр үеийн энэ мэдрэмжээ одоо  давтаад үзвэл дахиад мэдэрч чаддаг сан бол “Нарны үр сад”-ыг ч нахимаар байна.

 

Ингэж хэсэг нь кинонд дурласан шиг хөл хориог өнгөрүүлж байна. Залхуучууд нь гүйлгэж үзээд өдөртөө 16 ангитыг машиндчихаад өдөр, өдрөөр өөр өөр мэдрэмжээр амьдарч байгаа. Пүүзэн дээр пиджак “шахсан” залуус, хойд эхийн хорон санаа, Ким туслахын хоёр нүүр гээд таагүй үйл явдал олон ч тэр нэг хүрч ядсан үнсэлт, Хан мөрийнхөө эрэг дээр сөжү уугаад эморох нь Хөвсгөл явмаар санагдуулдагт нь со драмад би лав дуртай.

 

Уншигчид

 

Бас нэгэн жиргээч бодь мөрийн хүн болж бурхан шашинд “урвачихлаа”. Хөл хорионоос өмнө мань эр  хувь хүний хөгжлийн тухайд их бичдэг байж. Харин хорионоос хойш хөгжлөөс илүү хүн хүнээ хайрлах тухай, зөв хүн байх, зүгээр л амьдралын үнэ цэнийн тухай жиргэх болжээ. Ном уншиж өдөр, хоногийг элээж буй хэсэг бий. Танил эгч маань номын сангаас яагаад ч “Лолита”-г, “Анна Каренина”-г сугалж чадаагүй. Харин “Далай намын сургааль” барьж авсан өөрөө өөрийгөө гайхан шогширч байна. Минийх ч ялгаагүй Монтанийн намтар “Хэрхэн амьдрах вэ”.

 

Зуу зуун жилийн өмнөх галзуу дурлал, үнэнч халуун хайрын тухай уншихаас илүү  зав олдсон дээр номоос, амьдралаа өөрийгөө л хайгаад байх шиг нэхэлтэй өдрүүд нэхмэлийн утас шиг л хөвөрч байна даа.

 

Хааяа хөгжим сонсмоор санагдаад ютүб эргүүлэхэд ч

 

“Ай амьдрал минь ээ чи

Аялгуут дуу хуур минь” гэх аргадсан, эвийлсэн дуу байнга сонсдог жагсаалтад нэг мэдэхэд нэмэгдчихсэн хуудас нээхэд л Жавхлан ахын цэл залуу нас өөдөөс инээж байх юм.

 

Энэ дууны бичлэгт үлдсэн тэр өвөөгийн мөчирт уяж үлдээсэн сүүлчийн ганц навчны утга учрыг илүүтэй мэдэрч, тэр бичлэгт гардаг хүүгийн адил унаж татдаг өвчтэйгээ хар бага наснааса тэмцсээр эдгээгүй хэвээр 30 дөхөж яваа хөөрхий ахынхаа ганцаардлыг анх удаа л ийм ойроос олж мэдэрч гэнэтхэн уйлчихаж байна. Аль 12 жилийн өмнө нэг удаа байлдан дагуулсан түүнээс хойш хуучирсан энэ дууг олон сонссон ч “Ай, амьдрал минь дээ” гэж ам дүүрэн санаа алдсан нь анхных байв.

 

Ажилчид

 

Гэрээсээ ажилдаа “явж” буй олон хүн бий. Тэдний хувьд хийсэн бүхэн бүтээд ч байх шиг хэр нь хийж гийгүүлсэн зүйлгүй ч юм шиг хэлж мэдэхгүй өдрүүд өнгөрч байгаа. Хажууд хурхирах нэгнийг бодвол өглөө эрт сэрэх сэрүүлэгтэй бас зорилготой.

 

Гэрийн шаахайгаа хальт мульт углаж, нойрмог нүдээр нөүтбүүкээ асаана. Зүүм уулзалтаас сэмхэн бултаж гал тогоогоор эргэлдэж, нэг зүгээр байхгүй хүүхдүүдээсээ хулгаж камераа үе үе унтраана. Эмэгтэйчүүдэд ажлаа хийх, хоолоо хийх хоёр сонголтыг хүчээр тулгачихсан тул цоо шинэ хэв маягт дасан зохицох гэж зүдэрч л байгаа.

 

Ажилтай ч “ажилдаа явахгүй” гэх бодол хүчээр толгойд суучихаад аанай л шөнийн 02-.03 цаг хүргэчихнэ. “Маргааш яг эрт унтана” гэх амлалт өнөөдөр өглөөний нойрмог, нозоог мартуулахын ялдамд Нэтпликс “Нааш ир нааш ир” гээд л...Гэрээс ажиллана гэдэг гэртээ л байхын нэр болохоос нойр, хоолоо зохицуулахаас эхлээд хоёр дахин илүү ур чадвар шаардсан ажил.

 

Бид дахиад ийм уртаар амарч, амьдрал бидэнд ахин ийм уртын зав чөлөө, цаг завыг өгөө ч бил үү, үгүй ч бил үү. Ингэж бодохоор унших, үзэх, гэрээсээ ажиллах. Энэ бүхэн хөл хорионы хорогдмоор мэдрэмжүүд. Хүнд хэцүү хөл хориог “хайрлах” шалтгаан гэлтэй. Бидний амьдрал бүгд өөр. Манай хөргөгч махгүй, танайх дүүрэн ч гэлээ бүгд л өөр рүүгээ, дотоод руугаа өнгийж сууна.  

 

Сайн харвал бид баяраас баярын хооронд халаастайгаа нимгэрчихгүй дулаан гэртээ дөмбийж суухын жаргалыг ханатлаа л мэдэрч байна шүү дээ.

 

Энэ хүрээд “Автобус” тэмдэглэлийн 52 дахь дугаар өндөрлөж байна. Удахгүй сайхан цаг ирэхээр жирийн олны жаргал зовлон, сэтгэл цатгах мэдрэмжүүдээр эргэн уулзъя. Баяртай.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
zochin:
uu geh geed bgaa zolig be, uuch oilgosongui, nobsh bichih un
2021-01-09