Сорос, Гейтс нарыг COVID-19 бүтээсэнд буруутгасан нь буюу бусад төөрөгдлүүд
2021-01-12

Перугийн шүүх Жорж Сорос, Билл Гейтс, Рокфеллер нарыг "коронавирусийн тахлыг үүсгэгчид" хэмээн нэрлэжээ.

 

Энэ улсын шүүхийн нэгэн шийдвэрт "бүтээгчид"-ээс нь өөр хэн ч тахлыг "урьдчилан таамаглах боломжтой байсан" гэдгийг мэдэхгүй бөгөөд "бүтээгчид"-ийнх нь тоонд "өөрсдийн дэлхийн корпорациас маш нууц нөхцлөөр дэлхий дахиныг удирдаж, чиглүүлж байдаг хүмүүс" багтана хэмээжээ.

 

Перу.21 сонины мэдээлснээр ийм шийдвэрийг Перу улсын Чинча болон Писко мужийн давж заалдах шатны шүүх гаргасан гэнэ. Энэ шийдвэрийг 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэх бөгөөд шийдвэрийг дээрх сонинд нийтэлжээ.

 

"2030 он хүртэлх таамаглалуудыг гаргадаг өөрсдийн дэлхийн корпорациудаас маш нууц байдлаар дэлхийг чиглүүлж, дэлхий ертөнцийг удирдаж байдаг Билл Гейтс, Сорос, Рокфеллер зэрэг хүмүүсээс бүрдэх цар тахлыг үүсгэгчдээс өөр нэг ч засгийн газар, нэг ч хувь хүн болон хуулийн этгээд, шүүгдэгчийн өмгөөлөгч ч цар тахал урьдчилан таамаглах боломжтой байсан гэдгийг мэдэх аргагүй" хэмээн шийдвэрт өгүүлжээ.

 

Давж заалдах энэ шүүх нь угтаа хүнд гэмт хэрэгт буруутгагдсан этгээдтэй холбоотой байсан бөгөөд энэ шийдвэрийн үндсэн дээр шүүгдэгчийн хоригдох хугацааг сунгасан байна. Харин өмгөөлөгчид шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, хэргийн мөн чанарт хамааралгүй шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.

 

Коронавирусийн үүслийн талаарх таамаглалууд 

Цар тахал дэгдсэн цагаас эхлээд л коронавирусийг лабораторид бүтээсэн, дээр нэр дурдсан хүмүүс холбоотой гэх зэрэг төрөл бүрийн таамаглалууд гарч байсныг эргэн сануулъя. Эдгээрийг ихэвчлэн үгсэн хуйвалдааны онолд итгэгчид гаргаж, үүнд итгэх хүмүүс ч гарч байв. 

 

Коронавирусийг хятадууд зохиосон ч алдчихсан

Коронавирусийн халдвар эхэлсэн газрыг хүн бүр мэднэ. Хятадын Ухань хот. Энэ хотод вирус судлалын хүрээлэн байдаг нь Хятадыг хамгийн түрүүнд буруутгах шалтаг болсон юм. Хятадууд вирусийг биологийн зэвсэг болгон бүтээсэн ч аюулгүй байдлын протоколыг зөрчсөний улмаас лабораториас алдагдсан гэх хувилбар өнөө хүртэл яригддаг. Коронавирусээр өвдсөн анхны өвчтөн нь Ухань дахь лабораторийн ажилтан байсан гэж АНУ-ын хэвлэлүүд хэдэнтээ мэдээлж байлаа. 

Fox News: COVID-19 вирус Уханий лабораториос гаралтай

Эдийн засгийн дайнд ялагдсан АНУ-ын хийсэн ажил

Цэргийн нууц лабораторитой холбогдох өөр нэг хувилбар бий. Энэ нь Хятадтай худалдааны дайн хийхээр америкчууд биологийн зэвсэг болгон энэ вирусийг бүтээсэн гэх. Ираны телевизээр ч АНУ Иран, Хятадн эсрэг дайн зарлахаар коронавирус тараасан гэж буруутгаж байв. 

 

Дэлхийн нууц засаглал 

Цар тахал эхэлмэгц л Билл Гейтс болон түүний эхнэр Мелиндаг дэлхийн хүн амыг цөөрүүлэх гэсэнд буруутгаж эхлэв. Гейтсийнхэн био анагаах ухааны сан тэргүүлдэг нь ийнхүү буруутгагдах шалтгаан болжээ. Вакцин хийлгэсэн хүн л коронавирусээс аврагдана, харин вакцин хэнд очихыг Гейтс л шийднэ, эсвэл вакциныг хүн бүр авах чадалгүй байна, бидэнд бичил чип суулган, ухамсрыг удирдана гэх зэргээр Гейтсийнхэнтэй холбоотой олон хувилбар яригдаж байлаа.

 

Түүнчлэн масонууд, Ротшильд, Рокфеллерийнхний гэр бүл, дэлхийн нууц засаглалынхан цар тахалтай холбоотой, эмийн үйлдвэрийнхний ашиг орлогоо нэмэх гэсэн санаа гэсэн хувилбар ч гарч байв. 

 

Вирус тээн ирсэн солир

2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хятадын зүүн хойд хэсэгт солир унасан гэх мэдээлэл гарч байв. Ингээд л сансрын биет вирус тээн ирсэн гэх хувилбар гарах нь тэр. Хачирхалтай нь энэ таамаглалыг хэн нэгэн энгийн иргэн биш харин Букингемийн астробиологийн төвд ажилладаг профессор Чандра Викрамасингха дэвшүүлсэн нь олон хүн итгэх шалтгаан болж байлаа.

 

5G сүлжээ буруутай

Тохиолдлын чанартай ч гэх үү, Ухань хот 5G сүлжээтэй анхны хот болж байв. Ингээд конспирологич Дана Эшли энэ баримтыг түшиглэн "шинэ сүлжээ хортой долгион ялгаруулж, улмаар ковидыг үүсгэсэн. Халдвар бол цацрагын хордлого, дархлаа эрс унаж, биенд төрөл бүрийн өвчин үүснэ" хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сонирхолтой орчуулга хийсэн Бямбасүрэнд баярлалаа
2021-01-12