АВТОБУС №53: “Бөгжөө ломбардмаар байна”
2021-01-12

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сайн байцгаана уу. Өдрийн мэнд. Танихгүй, таагүй, эв хавгүй, эл хульд гэнэт л хувирч орхисон хотын маань танил дүр зургууд буцаад иржээ. Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусны цонхны цанг хуруугаараа цоолж "УБА18.., УАА67...УНА34..." хэмээн уншиж өнөө л сурсан зангаараа өөрөө өөртөө адал явдал зохиож энэ өглөөг угтлаа. Халаахгүй байж хий л хүнгэнэтэл үлээх автобусны халаагуурын чимээг давж, арын суудлын эгч нар дүнгэнэтэл ярилцах нь сонстоно. Нүд дүүрэн эгч хамт яваа өөр нэг бүсгүйтэй үйлчлүүлэгчийнхээ талаар нухацтай ярьж явна.

 

-Цаагуур чинь амьдрал ёстой хүнд байна. Өчигдөр зүгээр онгойв уу үгүй юу зөндөө хүмүүс орж ирлээ шүү дээ.

 

-За, яаж байгаа нь тэр вэ

 

-Яах юу байх вэ. Мөнгөн аягаа, ээмэг бөгжөө барьсан хүмүүс л ирж байна. Манайд байнга эхнэрийнхээ бөгжийг тавьдаг нэг өндөр хар залуу байдаг юм. Би бүр таньдаг болчихсон. Тэр тэгсэн сүүлийн бараг 7-8 хоног тасралтгүй над руу залгалаа.

 

-Юу гэж?

 

-Бөгжөө ломбардмаар байна гэнэ. Манайх ажиллахгүй байгаа гэхээр та авчих л даа, эгч ээ гээд бүр гуйгаад салдаггүй. Ажиллахгүй байхад би хүний үнэтэй цайтай юм аваад хаанаа хадгалдаг юм гэхээр та тэгвэл бүр худалдаад авчих гэх юм.

 

-Чи тэгээд аваа юу?

 

-Үгүй чиш, аваагүй. Хүний нарийн нандин юмаар би цусаа хийх вэ. Чи хэд хоног тэсчих, хөл хорио тавигдаад ажил эхэлвэл авъя гэсэн өчигдөр бүр онгойгоогүй байхад ирчихсэн зогсож байсан. Уг нь хавар жирэмсэн эхнэртэйгээ цуг ирээд одоо ёстой дахиж тавихгүй. Драгоны 3 давхарт гар утас засдаг ч гэнэ үү, зардаг ч гэсэн үү лангуутай болсон. Та ирж утсаа янзлуулаарай, ажил төрөл бүтэмжтэй байгаа гээд л ярьж явсан. Тэгээд сүй тавьж байгаа аятай эхнэрийнхээ хуруунд бөгжөө миний нүдэн дээр зүүж өгөөд л гарсан юм. Хэдэн сар ирээгүй. Гэтэл энэ хөл хорионоос болж баларч гэнэ. Ажил нь зогсоод, эхнэр нь төрөөд, нярай амьтан нь живхгүй, эх нь сүүгүй, гэр орон нь түлээ нүүрсгүй бүр балрах дөхлөө гээд амьсгаа дээгүүр явна лээ.

 

-Ишш тэгээд хэдэн төгрөгөөр болох юм, тэр бөгж нь?

 

-Монетон бөгж, 3 грамм гаран татаад, 280 мянган төгрөг болсон.

 

-Хэд хоног л амьдрах мөнгө байна даа.

 

-Ээ хүн хэлэлтгүй, хүн хэлэлтгүй. Хүнээс илүү юм ер алга. Хав дарсан хэдэн цаасаа гаргаад ирсэн, эргүүлдэх санаатай л байна. Танайхан яаж байна, Дугар ажлаа хийгээд л үү?

 

-Үгүй ээ, ажил нь бас зогссон шүү дээ. Манайх яах вэ, ижий, аавын нөмөрт болж л байна.

 

-Өө, хоёр хөгшний бие сайн?

 

-Сайн. Одоо ч бараг тэтгэвэртэй хүмүүст л бэлэн мөнгө байх шиг байна шүү.

 

Ярианы завсарт ломбард ажиллуулдаг эгчийн гар утас хангинав.

 

-Байна уу, аа сайн байна уу. Тийм ээ мөн. Юу, үгүй үгүй тийм юм авахгүй. Зөвхөн үнэт эдлэл" гэж хэлээд гар утасныхаа арьсан хавтсыг тасхийтэл хаагаад цүнхлэв. Бүсгүйчүүд ярилцсаар 21 дүгээр хороололд бууж одлоо.

 

Бөгж бүгд ижилхэн үнэт эдлэл. Харин үнэ цэн нь өөр өөр.

 

Хэзээ ч билээ, хаанаас ч билээ зүгээр л шохоорхож аваад дунд хуруундаа зүүсэн бөгж. Хэний ч билээ, яагаад ч юм бэлэглэсэн нэг их дурсаад байх зүйлгүй ч зүүгээд явахад чамин гялтганасан бөгж. Айл гэр болоход аав, ээж хоёрын тугалтай үнээгээ зарж авч өгсөн урт удаан аз жаргалыг бэлэгшээсэн хуримын хос бөгж. Тэнгэрт салют буудсан тэвчихийн аргагүй догдлол дунд "Хань минь болооч" гэх гуйлттай хамт хуруунд зүүсэн сүйн бөгж гээд бүгд л өөр өөр цаг хугацаа, аз жаргал, инээмсэглэлийн гэрч.

 

"Хөл хорио хэнийх нь аз жаргалыг булаачихсан бол" гэх бодол эгчийн ярианаас үүдэн урган ургасаар ажил хүрлээ. Арга ядахдаа л эхнэрийнхээ хуруун дахь бөгжийг сугалаад шалавхан барьцаалан зээлдүүлэх газрыг зорьсон байх даа. Ард нь бөгж харших чимээ үгүй гал тогоондоо бүсгүй дур муутайхан аягаа угааж үлдсэн биз.

 

Гар утас эвдрэх, хуучин муу утсаа шинэчилмээр санагдах шалтаг, шалтгаан ямар мундах биш дээ. Дахиад жаахан тэсээрэй, залуу минь гэж хэлэхэд хэцүү ч удахгүй сайн цаг, сайхан өдрүүд ирэх биз ээ.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ug ni bogj avch bhaar ter mongoo bankind hiisen bol heden shuudai nvvrsnii mongo hvvnd ni avah l bh da
2021-01-12
Уншигч:
Хүнд байна аа, хаа сайгүй
2021-01-12