Конгрессын гаднаас олдсон бөмбөг цаг тохируулагчтай байжээ
2021-01-13

Нэгдүгээр сарын зургааны өдөр Вашингтонд эмх замбараагүй байдал дэгдэх үеэр АНУ-ын Конгрессын гаднаас олдсон гар хийцийн дэлбэрэх төхөөрөмж нь цаг тохируулагч болон тэслэгчтэй байсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо болон бусад эрх бүхий байгууллагууд бөмбөг тавьсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Энэ талаар Колумбийн тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Майкл Шервин сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

"Капитолийн нутаг дэвсгэрийн ойролцоогоос олдсон гар хийцийн хоёр бөмбөг нь жинхэнэ тэсрэх төхөөрөмжүүд байсан. Эдгээрт тэслэгч болон цаг тохируулагч сууриуулсан байсан юм. Эдгээр бөмбөгнүүдийг яагаад ажиллуулаагүйг бид нарийн мэдэхгүй. Одоо үүниийг тодруулж байна" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Холбооны мөрдөх товчоо, цагдаагийнхан, согтууруулах ундаа, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчоо хамтран гар хийцийн бөмбөг суурилуулсан хүмүүсийг хайж байгаа гэнэ.  Нэгдүгээр сарын зургааны өдрийн эмх замбараагүй байдлын үеэр үйлдэгдсэн хамгийн ноцтой гэмт хэрэгт буруутай этгээдүүд 20 жилийн хорих ял оноож магадгүй хэмээн Майкл Шервин мэдэгджээ.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын зургааны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялсныг баталгаажуулах Конгрессын хурлыг тасалдуулах зорилгоор Трампын дэмжигчид жагсаал зохион байгуулсан нь эмх замбараагүй байдал болон үргэлжилж, Капитолийн ордон руу дайрч үймээн үүсгэсэн юм. Энэ үеэр цагдаагийнхан Капитолийн нутаг дэвсгэрээс гар хийцийн бөмбөг олон аюулгүй болгосон гэх бөгөөд нэг бөмбөгний байрлалыг тодорхой мэдээлээгүй бол хоёр дахь бөмбөгийг Бүгд найрамдах намын Үндэсний хорооны офис байрлах барилгаас олжээ.

Үйл явдлын ТОЙМ: Трампын эрх мэдлийн шунал 4 хүний аминд хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин