Навальный: Путин намайг ирүүлэхгүй байхыг албатдаа даалгана, гэхдээ би буцна
2021-01-14

Наймдугаар сард Берлиний эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш Германд байгаа Алексей Навальный энэ сарын 17-ны өдөр Орос руу буцахаар болсон гэнэ. Оросын сөрөг хүчний улс төрч өөрийгөө "бараг эрүүл" болсон гээд "Новичок" бодисоор хордсоны дараа эх орондоо үргэлжлүүлэн эмчлүүлэх боломжтой гэж Инстаграмдаа бичжээ. 

 

"Буцах уу, үгүй юу" гэсэн асуулттай хэзээ ч тулгарч байсангүй. Учир нь би ердөө ч хаашаа ч яваагүй. Намайг хөнөөх гэсэн ганц л шалтгаанаар сэхээн амьдруулахын хайрцганд хэвтэн би Германд ирсэн. Би амьд гарлаа. Намайг хөнөөхийг тушаасан путин одоо бункертээ үглэж, албатууддаа намайг ирүүлэхгүйн төлөө бүхнийг хийхийг тушааж байгаа" хэмээн Навальный бичжээ.

 

Түүнийг нутагт нь хэд хэдэн хэрэг хүлээж байгаа юм. Тухайлбал, нэгдүгээр сарын 11-ний өдөр Шийтгэл гүйцэтгэх холбооны алба "Ив Роше"-ийн хэрэгтэй холбоотой Навальныйн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчлөх нэхэмжлэлийг Москвагийн шүүхэд гарагсан байна. Навальныйд оноосон тэнсэн харгалзах ял нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан юм. Үүнээс хоёр хоногийн өмнө Шийтгэл гүйцэтгэх холбооны алба Навальныйг хяналтаас зугатаасан хэмээн буруутгаж, Мсквагийн эрүү, гүйцэтгэлийн хяналтын газарт ирэхэд 24 цагийн хугацаа өгч байв.

 

Ийм шийдвэр гаргахдаа дээрх байгууллага "Шарите" эмнэлгийн эмч нарын нийтлэлээс иш татсан бөгөөд Лансет сэтгүүлд гарсан энэ нийтлэлд улс төрчийг хордсоныхоо дараа эдгэрсэн, биеийн байдал сайжирсан гэж бичсэн байв. Харин Шийдвэр гүйцэтгэлийн алба ийнхүү эмнэлгийн дүгнэлтийг иш татсан нь Оросын эрх баригчид үгүйсгэсэн, хордуулсан гэх баримтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо гэж Навальный мэдэгдсэн юм. 

 

Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ. 

 

 

Навальный ба "Новичок"

Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.

 

"Новичок" гэх мэдрэл саажуулах бодис нь байлдааны хордуулагч бодисонд хамаардаг бөгөөд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон. 1997 онд хүчин төгөлдөр болсон Химийн зэвсэг хориглох тухай конвенцоор химийн зэвсэг үйлдвэрлэх, ашиглахыг хориглосны дээр химийн зэвсгийн бүхий л нөөцийг устгах талаар тусгасан юм. Байлдааны хордуулагч бодисуудын дотроос илүү хор хөнөөлтэй мэдрэл саажуулах бодисыг Германд боловсруулан гаргаж байв. Энэ бол хүний бие организм дахь мэдрэлийн импульс дамжуулалтыг алдагдуулж, саажилт үүсгэн, улмаар үхэлд хүргэж болзошгүй аюултай бодис юм. Хүн арьсаар дамжуулан эсвэл амьсгалын замаар мэдрэл саажуулах бодисоор хордох боломжтой гэнэ. 

 

Путин: Навальныйг хордуулах л байсан бол гүйцээчих байсан шүү дээ

Навальный Кремлийг, Кремль түүнийг "агуу ихийн дон"-д буруутгав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин