Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ
2021-01-19

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг Орост эргэн ирмэгц Шерметьево нисэх буудал дээрээс баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн. 

Навальныйг онгоцны буудал дээрээс баривчилжээ

Шийтгэл гүйцэтгэх холбооны алба Алексей Навальныйг тэнсэн харгалзах ялын хугацааны журмыг зөрчсөн гэж үзэн Химкинскийн хотын шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нэгдүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болжээ. Шүүх хурал Навальныйг нэгдүгээр сарын 17-ны өдөр саатуулсан цагдаагийн хэлтсийн байранд болсон байна. Энэ үеэр цагдаагийн газрын гадаа 200 орчим хүн цугларч "Чөлөөл!", "Эрх чөлөө олго!" хэмээн хашгиралдаж байсан талаар РБК мэдээлжээ. Ингээд Химкинскийн шүүх  хуралдаад Алексей Навальныйг 30 хоног баривчлан саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

 

"Би юу болоод байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчтэй минь уулзуулахаар камераас нэг минутын хугацаатай гаргасан. Би энд ирэхэд энд нь Химкинскийн шүүх хурал болж байдаг. Энд шүүх хурал болоод л намайг хорих талаар шийдвэр гаргаж байна. Химкинскийн шүүхийн хуралдаан цагдаагийн газар болж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна" хэмээн Навальный шүүхийн танхимд мэдэгдээд, цагдаагийн хэсэгт шүүх болж байгаа нь хууль бус хэмээн онцолжээ.

 

Харин Дотоод хэргийн яам цагдаагийн хэлтэс дээр шүүх хурал явуулсныг "тэнсэн харгалзах ялтай Навальныйд коронавирусийн халдварын тестийн хариу байгаагүй"-тэй холбон тайлбарлажээ.

 

"Эрүүл ахуй, тахлын аюулгүй байдлыг хангах үүднээс шүүх хурал болж буй танхимд нэвтрэхийг хязгаарласан" хэмээн олон сэтгүүлч оруулаагүйгээ мөн тайлбарласан байна. РБК агентлагийн мэдээлснээр Навальныйг шүүх хуралд ердөө хоёр хэвлэлийг л оруулсан байна.

 

Навальный нэгдүгээр сарын 17-ны өдөр Орос руу буцна гэж мэдэгдэж байхад Оросын Шийтгэл гүйцэтгэх холбооны алба түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа, Орост ирмэгц нь баривчилна хэмээн мэдэгдэж байсан. Улмаар нэгдүгээр сарын 17-нд Москвад газардмагц нь түүнийг баривчилсан юм. Навальный хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан бөгөөд түүнийг Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж Шийтгэл гүйцэтгэх алба үзэж байгаа аж.

 

Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ. 

 

Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр бие нь огцом муудаж,  улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин