Песков: Навальныйтай холбоотой хэргийг Ерөнхийлөгчтэй холбох хэрэггүй
2021-01-20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын хэвлэлийнхэнтэй утсаар холбогдон, олны анхаарлыг ихэд татаж байгаа Навальныйн асуудлаар хариулт өгчээ. 

 

"Коммерсант FM" хэвлэл "Путин Навальныйгаас айж байгаа тул маш хурдан баривчилж, ингэхдээ хууль журам зөрчсөн гэж олон улсын хэвлэл болон Алексей Навальный өөрөө тэгэж үзэж байгаа. Энэ талаарх Кремлийн байр суурь ямар байгаа" талаар асуухад Дмитрий Песков дараах хариултыг өгсөн байна. 

 

"Энэ мэдээж ямар ч утгагүй хэрэг. Оросын Холбооны Улсын хууль тогтоомж зөрчигдсөнийг ямар нэг байдлаар Ерөнхийлөгчтэй холбох ямар ч шаардлагагүй. Шийтгэл гүйцэтгэх холбооны алба нэхэмжлэл гаргасан, ингэх шалтгаан байсан гэдгийг бид мэдэж байгаа. Зарим хууль журам зөрчигдсөн" хэмээн хариулжээ. 

 


Euronews хэвлэл "Барууны олон орны төлөөлөгчид Алексей Навальныйг нэн даруй суллахыг Оросоос шаардсан. Зарим орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ тавихыг уриалж байгааг Кремль хэрхэн тайлбарлах"-ыг сонирхсон байна.

 

"Бид эдгээр мэдэгдлүүдийг сонсож байгаа. Гэхдээ энэ тохиолдолд эдгээр мэдэгдлүүдийг анхаарах боломжгүй, тэгэх бодол ч алга. Оросын иргэн Оросын хууль тогтоомжийг зөрчсөн талаар энд яригдаж байна. Энэ бол дотоодын хэрэг, бид дотоодын хэрэгтээ оролцохыг хэнд ч зөвшөөрөхгүй. Мөн ийм мэдэдлүүдийг дагах эрмэлзэл алга. Үүний оронд нэг иргэний асуудал дээр зөрчилдөлгүйгээр сайн харилцаагаа урьдын адил авч үлдэх сонирхолтой байна" хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хариулжээ.

 

УНИАН хэвлэл Навальный тэнсэн харгалзах ялтай байсан ч Берлинд эмчлүүлж байсан учраас биечлэн бүртгүүлэх боломжгүй байсан, Берлин рүү Путин өөрөө зөвшөөрөл өгч явуулсан гээд хоорондоо зөрчилдөөнтэй үйл явдал болж байгаа нь Ерөнхийлөгчийн зааварчилгаагаар баривчлагдсан гэж харагдахаар байгааг онцоллоо.

 

Харин Дмитрий Песков үүнийг үгүйсгэн, ямар ч зөрчилдөөн байхгүй гээд "Эмнэлэгт байх үеийг нь сайтар ойлгож байгаа. Шийтгэл гүйцэтгэх алба үүнд уян хатан хандсан. Харин эрүүл саруул болж гарч ирснийхээ дараа ирж бүртгүүлээгүй" хэмээн хариулжээ.

 

Навальныйн баривчилгаа 

Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард хордож, Омскийн эмнэлгээс Берлиний Шарите эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлснээсээ хойш Германд амьдарч байгаад нэгдүгээр сарын 17-ны өдөр нутаг буцсан юм. Түүнийг Москвад газардмагц баривчилсан бөгөөд Оросын Шийтгэл гүйцэтгэх холбооны алба Навальныйг өөрийн байгуулсан сангийн хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан бөгөөд түүнийг Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж мэдэгдсэн.

 

Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ. 

 

Нэгдүгээр сарын 17-ны өдөр Навальныйг баривчлан саатуулсныхаа дараа өдөр нь буюу нэгдүгээр сарын 18-нд түүнийг таслан сэргийлэх тухай шийдвэрийг Химкинскийн шүүх Навальныйн саатуулагдсан цагдаагийн хэлтсийн байранд хуралдан гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татаж, шүүмжлэлд өртсөн юм. Энэ шүүх хурлаар Навальныйг 30 хоног баривчлах шийдвэр гаргасан байна.

Навальныйг 30 хоног баривчлан саатуулахаар болжээ

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин