Мьянмар: Цэргийнхэн төрд гарч, Аун Сан Су Жи тэмцэлд уриалав
2021-02-02

 

Мьянмар улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч болон төрийнх зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Жи нарыг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Мьянмар улсад цэргийн эргэлт гарч, жилийн хугацаанд онц байдал тогтоов

 

Одоо тус улсад цэргийнхэн төрд гарсан бөгөөд ойрын бүтэн жилийн хугацаанд онц байдлын дэглэмд байна хэмээн мэдэгдсэн юм. 

 

Цэргийн эргэлт гарах шалтгаан 

 

Аун Сан Су Жигийн удирддаг "Ардчиллын өтлөөх үндэсний лиг" нам өнгөрсөнх оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Парламентын суудлын 83 хувийг авчээ. Энэ нь бараг л Аун Сан Су Жигийн удирдлагад байдаг иргэний засгийн газарт хүлээлгэсэн итгэл хэмээн үзэж байлаа. Мөн энэ сонгууль нь 2011 онд цэргийн диктатур дууссанаас хойших хоёр дахь сонгууль байв. 2011 оноос Мьянмарт ардчилсан өөрчлөлтүүд эхэлсэн юм. 

 

Гэсэн ч цэргийнхэн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, Ерөнхийлөгч болон Сонгуулийн төв комиссын даргын эсрэг Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Улмаар өнгөрсөн долоо хоногт Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин хууль хэрэгжихгүй бол үндсэн хуулийг цуцална хэмээн сүрдүүлэх үеэр л цэргийн эргэлт гарч болзошгүй нь гэсэн болгоомжлол гарч байлаа. Тухайн үед цэргийнхэн ерөнхий командлагч нь төрийн эргэлт хийнэ гэж сүрдүүлснийг няцааж байв. 

 

Мьянмар улсыг олно арван жилээр удирдсан цэргийн хунт тус улсын эрх мэдлээс хэзээ ч яваагүй, тэд хэзээ ч иргэний засаглалд захирагдаж байгаагүй гэдэг үүднээс нь харвал улс төрийн бодит байдал ил гарсан хэрэг болсон гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Мьянмар  ихээхэн зэвсэгжсэн, угсаатан болон шашны гүн гүнзгий хагаралтай улс юм.

 

1962 оноос хойших анхны цэргийн эргэлт

 

Мьянмарын Зэвсэгт хүчин 1962 оноос хойш анхны цэргийн эргэлт хийсэн гэдгээ албан ёсоор баталсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулиар цэргийн дээд хүрээллийнхний дэмжлэгтэй нам таагүй үр дүн харуулсан нь энэ эргэлтийн шалтгаан болжээ.

 

Эргэлт хийсэн цаг үе нь Парламентын анхны чуулган болох хугацаатай таарч байгаа юм. Тэд энэ хугацааг сонгосноороо чуулган болохгүй, ингэснээр шинэ засгийн газар ч бүрэлдэн тогтохгүй байхаар төлөвлөжээ. Гэвч цэргийнхэн ийм алхам хийснээрээ асар том аюулын хаалга нээсэн байж болзошгүй гэж шинжээчид онцолсон байна. Учир нь коронавирусийн халдварыг ч үл тоон Аун Сан Су Жид саналаа өгөхөөр сонгуульд оролцсон сонгогчдын 70 хувь энэ төрийнх эргэлтийг дэмжихгүй нь ойлгомжтой.  Түүнчлэн Аун Сан Су Жи эргэлт хийсэн цэргийнхэнтэй хамтран ажиллана гэдэг үнэмшилгүй, харин түүний холбоотон Ерөнхийлөгч Вин Мьин онц байдал тогтоох, цуцлах үндсэн хуулиар олгогдсон эрхтэй цорын ганц хүн хэдий ч одоо Аун Сан Су Житэй хамт баривчлагдчхаад байгаа юм.

 

Мьянмар дахь нөхцөл байдал 

 

Одоогоор томоохон хотуудад гар утасны болон суурин утасны сүлжээ доголдсон, улсын телевиз техникийн хүндрэлийн улмаас эфир цацах боломжгүй байгаа гэнэ. BBC World News  болон бусад гадаадын хэвлэл мэдэллийн хэрэгслийн дамжуулалтыг зогсоосон гэж ВВС агентлаг дамжуулжээ. Мөн тус улсын нийслэл Нейпьидо хоттой холбогдох ямар ч боломжгүй байгаа тул нөхцөл байдал газар дээрээ ямар байгаа талаарх мэдээлэл өнөө хэр нь гараагүй байна.

 

Өмнө нь нийслэл байсан Янгон хотод гар утас, суурины утасны сүлжээ тасалдаж, энэ хотод хүмүүс удахгүй бэлэн мөнгөний хомстолд орно гэсэн ярианы улмаас бэлэн мөнгөний машинуудад урт дараалал үүсгэж байгаа гэсэн мээдэлэл гарчээ. Мөн аливаа санхүүгийн гүйлгээг түр хугацаагаар зогсоосон гэж Мьянмарын банкуудын холбоо мэдэгдсэн байна.

 

Аун Сан Су Жи төрийн эргэлтийн эсрэг тэмцэхийг уриалав

 

 

"Ардчиллын төлөөх үндэсний лиг" эрх баригч намын дарга, төрийн зөвлөх (Мьянмарын өндөр удирдах албан тушаалын нэг)  Аун Сан Су Жи даваа гарагт Фейсбүүк хуудсандаа төрийн эргэлтийн эсрэг тэмцэхийг ард түмэндээ хандан уриалжээ.

 

"Цэргийнхний үйлдэл бол улс орныг дарангуйлал руу эргэн аваачих үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, цэргийнхэн төрийг булаан авсны эсрэг бүхий л сэтгэл зүрхээрээ хариу өгч, эсэргүүцэн зогсохыг хүмүүст хандан уриалж байна" хэмээн Аун Сан Су Жи бичжээ.

 

SHUUD.mn: Аун Сан Су Жи 1945 оны 6 сарын 19-нд төрсөн. Түүний эцэг Аун Сан Мьянмарын орчин үеийн зэвсэгт хүчнийг үндэслэгч, 1947 онд Их Британитай хийсэн Бирм улсын тусгаар тогтнолын тухай хэлэлцээний оролцогч байсан бөгөөд 1947 онд Засгийн газрын зарим гишүүдийн хамт түүнийг хөнөөсөн байна. Аун Сан Су Жигийн ээж алдартай улс төрч  шинэ засгийн ивээлийг хүртэж, 1960 онд Энэтхэгт суух Элчин сайдаар томилогдсон байна. Аун Сан Су Жи  Энэтхэгт коллеж, дараа Оксфордын их сургуулийн коллеж төгсөн, философи, улс төр, эдийн засгийн салбарын бакалаврын зэрэг хүртсэн бөгөөд  сургууль төгссөнийхөө дараа Нью-Йорк хотод амьдарч, НҮБ-д гурван жил ажиллажээ. 1972  онд тэрбээр Түвэд судлаач Михаэл Эйристэй гэрлэн хоёр хүү төрүүлсэн байна.
1988 онд Аун Сан Су Жи хүнд өвдсөн ээждээ туслахаар Бирм улсад эргэн ирснээр улс төрийн амьдралд орж,  ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлж эхэлжээ. Хожим нь 1997 онд  түүний нөхөр Михаэл Эйрис Бутанд амьдарч байхдаа эдгэшгүй өвчин тусч, Бирмийн Засгийн газарт хандан эхнэртэйгээ уулзах хүсэлт тавьж, үүнийг нь Ромын пап, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан нар дэмжиж байлаа. Гэсэн ч Бирмийн засгийн газар эхнэртэйгээ уулзахаар түүнийг ирэхийг зөвшөөрөлгүй, харин Аун Сан Су Жиг нөхөртэйгээ уулзахаар улс орноосоо явахыг зөвшөөрсөн байна. Харин Аун Сан Су Жи цэргийн хунт түүнийг дахин Бирм рүү нэвтрүүлэхгүй гэж эмээсний улмаас нөхөррүүгээ яваагүй байна. 
 
Ардчиллын төлөө тэмцэж байсан тэрбээр удаа дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, хөдөлгөөн тухай бүр хэрцгийгээр дарагдаж байсан ч "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намыг 1988 оны есдүгээр сарын 27-нд байгуулсан юм. Үүнээс хэдэн сарын дараа буюу 1989 оны долдугаар сард түүнийг гэрийн хорионд оруулжээ. Түүнийг улсыг орхивол чөлөөлнө гэсэн ч тэрбээр татгалзсан байна. 1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан Ардчиллын төлөөх үндэсний лиг нам нийт сонгогчдын 59 хувийн санал авч, парламентын суудлын 81% (392/485)-г эзлэхээр болж байв. Аун Сан Су Жи  1989 оны долдугаар сарын 20-ноос эхлээд 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин