Мьянмар: Ерөнхийлөгч болон төрийн зөвлөх нарыг гэмт хэрэгт буруутгав
2021-02-04

Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, энэ үеэр суудлаас нь түлхэн унагасан  Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Энэ талар цагдаагийн мэдээллээс авсан эх сурвалжтайгаар The Guardian мэдээлжээ. 

 

Цагдаагийн баримтад өгүүлснээр, Аун Сан Су Жигийн гэрт нэгжлэг хийх үеэр богино долгионы станцууд илрүүлсэн гэнэ. Эдгээр төхөөрөмжүүдийг Мьянмар руу хууль бусаар нэвтрүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр бие хамгаалагчид нь ашиглаж байсан гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Ийм зөрчлийн төлөө хоёр жилийн хорих ял оноодог юм байна.

 

Харин Ерөнхийлөгч асан Вин Мьинийг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр вирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа гэнэ. Түүнд ямар хэрэг тулгаж, ямар ял оноох талаарх илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.

 

 

Цэргийн эргэлт

Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын цэргийнхэн Ерөнхийлөгч болон төрийн зөвлөхийг баривчлан, улмаар цэргийн эргэлт хийсэн. Үүний шалтгаан нь цэргийнхний дэмжлэгтэй нам өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуульд ялагдал хүлээсэн явдал юм. 

Энэ сонгуулиар Аун Сан Су Жигийн удирддаг "Ардчиллын өтлөөх үндэсний лиг" нам Парламентын суудлын 83 хувийг авчээ. Харин цэргийнхэн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, Ерөнхийлөгч болон Сонгуулийн төв комиссын даргын эсрэг Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Улмаар өнгөрсөн долоо хоногт Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин хууль хэрэгжихгүй бол үндсэн хуулийг цуцална хэмээн сүрдүүлэх үеэр л цэргийн эргэлт гарч болзошгүй нь гэсэн болгоомжлол гарч байлаа.

Харин хоёрдугаар сарын нэгний өдрийн үйл явдлын дараа Мьянмарын Зэвсэгт хүчин 1962 оноос хойш анхны цэргийн эргэлт хийсэн гэдгээ албан ёсоор баталсан юм.

Эргэлт хийсэн цаг үе нь Парламентын анхны чуулган болох хугацаатай таарч байгаа бөгөөд тэд энэ хугацааг сонгосноороо чуулган болохгүй, ингэснээр шинэ засгийн газар ч бүрэлдэн тогтохгүй байхаар төлөвлөжээ.

 

Аун Сан Су Жигийн уриалга 

"Ардчиллын төлөөх үндэсний лиг" эрх баригч намын дарга, төрийн зөвлөх (Мьянмарын өндөр удирдах албан тушаалын нэг)  Аун Сан Су Жи даваа гарагт Фейсбүүк хуудсандаа төрийн эргэлтийн эсрэг тэмцэхийг ард түмэндээ хандан уриалж байв.

"Цэргийнхний үйлдэл бол улс орныг дарангуйлал руу эргэн аваачих үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, цэргийнхэн төрийг булаан авсны эсрэг бүхий л сэтгэл зүрхээрээ хариу өгч, эсэргүүцэн зогсохыг хүмүүст хандан уриалж байна" хэмээн Аун Сан Су Жи бичсэн юм. 

 Ардчиллыг авчрагч Аун Сан Су Жигийн энэ уриалгыг ч ард түмэн нь дэмжиж байгаа талаарх мэдээлэл гарсан байна. Тухайлбал, Мьянмарын 70 гаруй эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд эмнэлгийн ажилтнууд цэргийнхний ямар ч тушаал зааврыг дагахгүй гэж мэдэгдэн, төрийн эргэлтийн эсрэг байгаагаа илэрхийлжээ. 

Мьянмар: Цэргийнхэн төрд гарч, Аун Сан Су Жи тэмцэлд уриалав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин