АВТОБУС №54: Баяраар ганцаардах муухай
2021-02-12

Сайн байцгааана уу? XVII жарны цагаагчин үхэр жилийн амар мэндийг айлтгая.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг Feelings by tulgaa skizz хуудаснаас ашиглав


Би гэдэг хүн баяраас, тэр тусмаа цагаан сараас зөнгөөрөө айдаг болчихсон. Одоогоос гурван жилийн өмнө, битүүнээс нэг хоногийн өмнө аав маань "Тархинд нь цус харвасан байж болзошгүй" гэсэн оноштойгоор сумын түргэний тэргээр Нэгдүгээр эмнэлэгт шөнөөр хүргэгдэж ирлээ. Хүлээн авахаас рентгэн, рентгэнээс имрайн өрөө рүү аавыгаа тэргэн дээр түрж дээш доош гүйсээр онош батлагдаж Шинийн нэгэнтэй золгов.


Шинийн нэгний өглөө аав хоймортоо сууж л байдаг. Цагаалганы будааг нялцайлгачихлаа гэж ээжид хааяа илүү үглээд л ад болж байгаа харагддаг. Энэ удаад аав "үгүй" хэр нь аавтай тийм ойр цагаан сарыг анх удаа эмнэлэгт угтав аа. Бид эхээс дөрвүүлээ. Миний ээлж яг Шинийн нэгний өглөө солилцож таарлаа.

Өнөөх л Зүүнсалаа-Халдвартын автобусандаа Баянхошууны 112-оос сууж Багшийн дээд хүрэх замд таарсан бүх хүн ганган, гоё чамин. Бас бүтэн, дүүрэн инээсэглэлтэй. Автобусанд зорчиж яваа, цонхны цаана алхаж, түгжирч яваа бүгд л хаа нэгтээ, хэн нэгнийд очно. Хавь уулзаагүй хамаатнууд цугларч ханатлаа инээлдэнэ дээ гэж бодохоос нулимс урсчихаж билээ. Атаархаад биш өөрийгөө нэг их өрөвдсөн нь тэр.

Бүх хүн хамаг байдгаараа гоёод баярлаж явахад харин би л сольж өмсөх углааш, бэлтгэлийн өмд бас хоол ч идэх тэнхэлгүй аавдаа зориулж хийсэн шөлөө тэвэрч явна гэхээс нэг юм зүрх рүү хүчтэй дэлсээд даруй нуруу руу явж орсон. Тэр мэдрэмж явсаар нулимс болсон биз.

Цуг явсан ээж минь гэнэт хажуунаас ухаан ортол ёворч "Чи чинь уйлаад байгаа юм уу даа" гэхэд "За юу гэж дээ" хэмээн цонх ширтсэн чигтээ хариулсан. Азаар аавын минь амь нас аврагдсан...


Харвалтын дараах физик эмчилгээ дуусч амжаагүй байтал дунд ахын бие өвдлөө. Энэ хугацаа харин Мартын-8, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байв. Бас л гудамжаар зөрөх бүсгүйчүүд гартаа сарнайтай. Автобусанд зорчих охид "Ангийн хөвгүүд баярлуулна, өдөр хоолонд оруулна гэсэн" хэмээн хөөртэй ярилцаж явлаа. Харин би мөнөөх л халуун савтай хоолоо тас тэвэрчихсэн СЭМҮТ-ийг зорьж буй. Хий юм харсан, түүнээсээ айсан, тэгээд дэмийрсэн. Ийм шалтгаанаар ах энэ эмнэлэгт мөн л сумын түргэний тэргээр хүргэгдээд ирэв.

Дараагийнх нь Эх үрсийн баяр, зургадугаар сарын 1. Ахын бие ахин өвдөөд эмнэлэгт хүргэгдлээ. Дахиад л ээж бид хоёр автобусанд гуниг дүүрэг харцаар гудамж ширтэн чив чимээгүй сууж явлаа. Ээж гэнэт ам нээж "Баяр болгоноор л нэг юм болох юм. Ямар учиртай юм бол доо. Ээж нь ч одоо бүр баяр гэхээс айдаг боллоо" гэхэд зүрхэн дундуур ёгхийгээд л явчихлаа. Нээрэн яагаад дандаа баяраар, тэгээд ээж бид хоёр ханиндаа хэрнээ хамгийн гунигтай, ганцаардмал мэдрэмжээр дүүрэн аль нэг эмнэлэг тийш зориод байна вэ?


Ахиад нэг л удаа ээж бид хоёр угаас баярлах эрхгүй мэт азгүй, эзгүй явдал тохиолдсон бол автобус, такси, гудамж талбай хаа хамаагүй таарсан газраа сөхөрч суугаад "Яагаад дандаа бид хоёр юм бэ" гээд хамаг чангаараа хашхирч, асгартал уйлахад бэлэн байсан.

Баяраар гачигдал, зовлонтой нүүр тулахаар олуулаа байлаа ч ганцаардаад байдгийг би ингэж хоёр жилийн өмнөөс мэдэрсэн. Хайрлаад хаягдаад, хавар мод ногоороход эмордгоос тэс өөр тийм нэг хэлж мэдэхгүй хөндүүр ганцаардал.


"Ахын дүү тайван бай. Эгчийн дүү санаа зоволтгүй, аав нь удахгүй босоод л ирнэ" гэх аргадлын үгс уруулаа ч давж дуусаагүй байхад "Та нар одоо ингээд л явчихна, би л үлдэнэ" гэх бодол ганцаардуулаад л байх нь хамгийн "аймар".


Тийм болохоор баяраар халуун сав санжигнуулж яваа таних танихгүй хэнд ч гэсэн "Хүчтэй байгаарай, бүх зүйл сайхан болно оо" гэж хэлэхийг хүсдэг. Жаргал, зовлон ээлжилдэг дээ. Энэ жилийн сар шинээр эрхгүй танд хэцүү санагдаж байж болох ч ирэх жилүүдэд инээд, хөөр дүүрэн байх биз ээ. 

 

Түмний нэгтэй хамт байдаг та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Удахгүй урин хаврын хөг эгшиг цалгисан, хөөрүү дэврүүн өдрүүдийн амттай тэмдэглэлүүдээр эргэн уулзъя. 



Нийтлэлч: Түмний нэг 

 

Цахим хаяг: АВТОБУС ТЭМДЭГЛЭЛ

Shuud.mn
Сонин хачин
Shalchiganaad bai neg odor chinii oron deer hevteh eelj irne
2021-02-13
Shalchiganaad bai neg odor chinii oron deer hevteh eelj irne
2021-02-13
Зочин:
Амьдрал санаснаар болдоггүй юм.
2021-02-13
Эргэх орчлонгийн үйл л тэгээд таарсан хэрэг. Зовлон дундуур туучиж яваад ирэхэд жаргал болгоны сэжүүр амттай болох цаг аяндаа. Зөв сэтгэлээ чанд барьж яваарай дүү минь. Сайн цаг ирж байна итгээрэй. Миний ах өнөөдөр эмчийн хэлсэн 2 сарын насаа бараг 3 аар үржээд, шинийн нэгний нараа харлаа. Хэдий ядарсан ч ээж, дүү нарынхаа сэтгэлийг огшоон, оноо угтлаа. Хурай хурай.
2021-02-12