АВТОБУС №55: “Тэгж улсаа хохироохгүй шүү”
2021-02-26

Сайн байцгаана уу? Цоо шинэ, цовоо цолгиун мэдрэмжээр сэтгэл дүүрэн. Хөл хорионоос гарсныг хэлэх үү, хийж бүтээхийн итгэл цалгилсан өрнүүн өдрийн мэндийг хүргэе. Бас баасан гараг бүрийн болзоо хожимдож, үе үе алга болсондоо хүлцэл өчье. Хавар болж, хөл хорио ч тавигдаж хүн зон яриа хөөрөө өрнүүн явна. Өнөөдрөөс баасан гараг бүрт уулзана аа.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Тав таван мянгатай золгоё”

 

Зүүнсалаа-Халдвартын автобусанд өглөө таарсан “Хот тохижилт” гэсэн бичигтэй алаг хувцас өмссөн насжуу эрчүүд ажлаа ярьсаар явлаа. Ард суусан нэг нь:

 

-Удахгүй нөгөө усан оргилуураа ажиллуулна гэнэ. Нөгөөх нь цөмрөөд ядаргаа болно. Хэдүүлээ махаа иднэ. Холхон явах юмсан, амар тийм үү гэж яривал өмнө суусан эр дэмжих, дэмжихгүйн завсар дуугүйхэн толгой дохив.

 

 

Усан оргилуур харсан шиг түр амсхийж бодол тэнүүлж суух ч тун таатай  даа. Түүний л төлөө  зогсоо чөлөөгүй эрчилдэг усан оргилуурын ажиллагааг хариуцдаг хот тохижилтынхонд харин ажил мундахгүй их бололтой. Удахгүй л зун, зуслан, айраг цагаа, аялал зугаалга эхэлнэ дээ.

 

Эсрэг талын цонхны хажууд суусан залуу бүсгүй утсаар ярина.

 

-Хань аа, чи АТМ ороод мөнгө аваарай. Эмээтэй тав, таван мянган төгрөгтэй золгоё.

 

-Тэр хоёртой юу?

 

-За угаасаа мөнгө байхгүй юм чинь хоосон л золгочихъё л доо. Тэртээ тэргүй хөл хорионоос гараад дөнгөж ажил эхэлж байгааг мэдэж л байгаа юм чинь. Яадаг юм бэ, яадаг юм. Дараа жил л мөнгөтэй золгоё.

 

Айл хэсэх нь ээ...

 

Автобусны ухаалаг төхөөрөмж дараагийн буудлыг “Монголын үндэсний их сургууль” гэж зарлав. Таван жилийн өмнө л энэ буудал Эх нялхас” нэртэй байсан даа. Энэ сургуулийн эзэн Гандан орчмын газрыг дүүртэл барилга барьсан. Дараа нь автобусны буудлын нэрийг хүртэл өөрчилжээ гэх бодол зурсхийв.

 

Социалзмын үед дипломат эсвэл аль нэг хариуцлагатай ажил эрхэлж явсан өвөө нар өмссөн хувцаснаас л андашгүй байдаг. Урт шаргал, саарал цувтай. Хавтас мэт хар цүнх хажуудаа сугавчилсан. Автобусанд ханиаж, найтаахдаа цэв цэвэрхэн дөрвөлжилж эвхсэн алчуур гаргаж амаа дарна. Ийм нэгэн цэмбэгэр өвөө Эх нялхас буюу МҮИС-ийн буудлаас суулаа.

 

Өвөө суугаад картаа дарах гэтэл өнөөх нь олддоггүй.

 

-Ээ харал, орхичхож л дээ

 

Жолооч: Та суу, суу

 

Өвөө: Тэгж ч улсаа хохироож үнэгүй зорчино гэж байхгүй шүү, хүү минь. Алив та нар зөрж ороод сууж бай. Би мөнгөө төлнө өө. Төлөлгүй яах вэ гэсээр хавтас шиг хар цүнхээ уудалсаар мянгатын дэвсгэрт гаргаж ирж жолоочид өгөөд “Хүү минь хариултаа авна шүү, өвөө нь” гэв.

 

Таванзуун төгрөгийн хариултаа авч халааслах зуураа “Уг нь ч чи бид хоёр ингэж мөнгө дамжуулж болохгүй л юм даа, за яах вэ” гэх яриан дундаа хаалганы хамгийн ойр сандалд суулаа. Манай саарал ордныхон ийм шударга бол мөн гоё оо. Тэдний амнаас “Тэгж ч улсаа хохироохгүй шүү” гэдэг үг ер гардаг болов уу.

 

"Ооё, юун соёлтой юм"

 

Нэлээд оройтож тараад 20.00 цагийн үед ходоодоо борлуулчихаад харих санаатай KFC орлоо. Утсан доторх ухаалаг аппликейшн, интернет банкиндаа найдаад орсон ч бүтсэнгүй. Надад байхгүй карт, бэлэн мөнгө хоёроор л үйлчилнэ гэнэ. Үйлчилгэээний ажилтны зааж өгсөн мэргэн санаа нь "Та хүний карт руу мөнгөө шилжүүлээд уншуулчих".

 

Ард зогссон ахаас асуувал картаа орхижээ. Дараагийн найдлага захын ширээнд суусан хоёр охин:

 

-Сайн байцгаана уу, уучлаарай. Би картгүй бас бэлэн мөнгөгүй яваа юм. Боломжтой бол би та хоёрын хэн нэгний карт руу мөнгөө шилжүүлээд уншуулж болох уу?

 

Нэг нь дурамжхан ярвайгаад толгой сэгсрэв. Нөгөө нь халаасаа тэмтрээд картаа гаргахын даваан дээр гацаж орхив. Энэ үед найз нь түүн рүү толгой сэгсэрсэн санж.

 

Халдвар хаанаас, хэнээс ч авчихаж болох өндөр эрсдэлтэй байхад найзынх нь толгой сэгсрэх аргагүй дээ. Туслах гээд халаасаа тэмтрэх төдийд л сэтгэл цадчихсан шүү, баярлалаа.

 

Гарахаар хаалга зүглэх замд найдлага тээж өөр нэг залуугаас асууж үзлээ.

 

-Өө тэг тэг, хааны данс 5925.....

 

Төгсгөлд нь "Танд маш их баярлалаа. Сайн сайхныг хүсье" гэсэнд сүрхий том харснаа "Ооё, юун лаг соёлтой юм бэ дээ" гэснээ жуумалзсан. "Баярлалаа, миний хөгшөөн" гээд дал мөрөн дээр нь алгаддаг байж. Хээгүй дээ, эрчүүд.

 

"Сайхан амьдраарай"

 

Автобуснаас бууж алхсаар гэртээ орохын даваан дээр "Яв, зайл. Чи өөрөө яв, үгүй чи яв..." гэх дуу гудамжаар хадаж байна. Хэсэг дуу намдаад удалгүй дахиад л чангарч "Чамаас айна гэж бодоо юу, давраад байгаарай" гэх нөхрийн дуу ширүүсч хаалга тас няс буув.

 

Нөхөр: Сайхан амьдраарай

 

Эхнэр: Үгүй,  би чамайг явуулахгүй

 

Нөхөр: Явна, холдоод өг

 

Эхнэр: Яв аа, яв. Зайл за

 

Ингээд хөрш айлын хоёр гудамжны үзүүрээс өөр өөр тийш салж одлоо. Энэ хоёрын хэрүүл эхнийх биш. Бас сүүлийнх ч биш байх. Хэрүүлийн сэдэв нь ноцтой биш сонсогддог. Жаахан хүндлэл тэвчээр байхад болчих л юм шиг. Эхнэр жаахан хэлэх хэлэхгүй үгтэй. Тэгж тэгчихээд гараад явах гэхээр нь "Явуулахгүй" гэж хаалгаа алдалж байгаагаас нөхөр бас ч гайгүй эр хүн шиг. Манай хоёр хааяа муудаад л сүрхий. Удалгүй хүүхдээ дундаа хөтөлчихсөн алхаж яваа л харагдана.

 

Насны залуу, сэтгэл хөдлөлөө тэвчиж чадаагүй тавхан минутын хугацаанд хэн хэнийгээ ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, ойлгож чадахгүй өдрүүд бий. Гэхдээ нас нэмэх, жил сар алсрахын хэрээр ахуйн чанартай аар саархан маргаанаас зайлсхийдэг болдог доо. Манай хөршийн хоёр энэ өдрүүд дээрээ л яваа шиг санагддаг. Удахгүй хэрэлдэхээс ч залхуу хүрдэг уужуу, тайван урт холын өдрүүд тэднийг хүлээж байгаа даа...

 

Энэ удаагийн автобус тэмдэглэлээ уурласан үедээ уруул давуулчихдаг “сална” гэдэг үгээс татгалзаж, түүний оронд таг дуугүй суугаад тайвширч сурах уриалгаар дуусгая. Хэн ч шархлахгүй, хэний ч гомдолгүй бүтэн, дулаан, бүрэн дүүрэн амьдрал хэчнээн сайхан билээ дээ.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

 

Фэйсбүүк хуудас: АВТОБУС ТЭМДЭГЛЭЛ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Neeree sursanaaraa bayarlalaa ene geheer ihenh zaluus huduujuu buhen duugarah ch ugui huurhii
2021-02-26
залуу:
Xоовон Xөх нас барчихсан юм уу..? Tаkси -ний бичлэгийн хаана ч хүрэхгүй сонирхолгүй бичих юм..
2021-02-26
Ханиа, чи... гэнэ үү. Ха ха. Ийм л гарууд сэтгүүлч болоод байгаа юм даа.
2021-02-26
Badarch taxar:
Hudlaa zohioj bichih yum odo awtusand hvmvvs yum yarihaa bolichihson shv de guugai yawdag bolson
2021-02-26