Ши Жинпин Өвөр Монголын сургуулиудад хятад хэлийг чухалчлахыг даалгажээ

Сургалтын үндсэн хэлээр монгол хэлийг авч үлдэхийн төлөө тэмцсэн хүмүүсийг бүс нутгийн захиргаа дарснаас хэдэн сарын дараа Хятадын дарга Ши Жинпин дунд сургуулиудад мандарин хэлийг түгээх, угсаатан хоорондын зөрчилдөөнийг зохицуулахыг Өвөр Монголын эрх баригчдад даалгасан гэж South China Morning Post мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжинд болж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын үеэр Ши Жинпин Өвөр Монголын депутатуудад хандан угсаатны нэгдлийг бий болгох, төрөөс гаргасан стандарт хятад хэл дээрх сурах бичгийг эргэлт буцалтгүй хүлээн авах шаардлагатайг онцолсон байна.
Түүнчлэн Өвөр Монголын бүхий л залуус Коммунист намын бодлого түүний хувьсгалт өвийн талаарх бүрэн ойлголттой болсон байх ёстой гэж Ши Жинпин мэдэгджээ.
"Соёлын ижилсэл бол ижилслийн гүн гүнзгий хэлбэр. Энэ бол угсаатны нэгдэл, дасан зохицлын үндэс, амин сүнс нь юм" хэмээн Ши Жинпин мэдэгджээ.
Түүний өгүүлснээр намын албан тушаалтнууд Хятадын соёлын ахуйн салбарын боловсролыг гүнзгийрүүлэх, намын бодлого, үндэсний зөв үзэл хандлага, түүх, шашныг ялангуяа залуус сайтар ухамсарласан байх ёстой гэнэ.
БНХАУ-ын даргын мэдэгдэл өнгөрсөн оны есдүгээр сард хичээл эхлэхийн өмнө Өвөр Монголд монгол хэлээ сургуульд авч үлдэхийн төлөө нэгдсэн хүмүүсийн жагсаал болсноос хэдэн сарын дараа гарч байгаа нь энэ юм.
Тухайн үед жагсагчид монгол хэл, уран зохиол, ёсзүй, түүх зэрэг дунд сургуулийн үндсэн хичээлүүдийг монгол хэлээр ордог байсныг сольж, хятад хэлээр заах шийдвэрийг эсэргүүцэж байв. Угсаатны цөөнхийг олонх болох хан үндэстний соёлд уусгах бүх нийтийн кампанит ажлын хүрээнд төрөлх хэл нь хятад хэлд шахагдах нь гэж Өвөр Монголын иргэд эмээж байсан юм.
Улмаар сурагчид хичээлдээ явалгүй, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас гаргаж, харин олон нийтийн сүлжээгээр сурах бичгүүдийг хятад хэлээр болгохыг эсэргүүцсэн гомдол, өргөдөл түгэж байлаа.
Энд дуулгахад, 2010 оны Хятадын хүн амын тооллогоор Өвөр Монголд 4.2 сая уугуул монгол амьдардаг нь тус бүс нутгийн хүн амын 17 хувь орчим гэсэн дүн гарч байв.
Хятад улс угсаатны 56 бүлгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, заримд нь автономит эрхийг ямар нэг байдлаар олгож байсан ч өнгөрсөн оны сүүлээс эдгээр угсаатнуудыг хүн амын олонх болох хан үндэстэнтэй нэгтгэх бодлого баримталж байгаагаа ил тодоор харуулах болсон юм.
Дунд сургуулиудад төвөд, уйгур хэлээр хичээл заадаг байсныг 2017 оноос эхлэн үндсэндээ халж, хятад хэлээр хичээл заах болсны дээр үүнийг эсэргүүцсэн идэвхтнүүдийг баривчлан хорьж, эсэргүүцлийг дарж байлаа.
RFA: Өвөр Монгол албан тушаалтнуудыг хан үндэстнүүдээр солино
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ