"Вакцины хүйтэн дайн" дэлхийд өрнөж байна
2021-03-18 08:00

 

АНУ, БНХАУ дэлхий болон тусгайлсан бүс нутгууд дахь өөрсдийн нөлөөллөө бэхжүүлэхийн тулд коронавирусээс сэргийлэх вакциныг ашиглаж байна. Одоо энэ тэмцэл Азийг чиглэжээ. 

 

"Зүүн Ази дахь Хятад, Америкийн өрсөлдөөн ид өрнөж байгаа энэ үед вакцины дайн зарлав. Хоёр орон хоёулаа л энэ бүс нутгийн орнуудыг өөрсдөөсөө хамааралтай байлгахын тулд дотоодын вакцинаа тэдэнд өгөхөөр хичээж байна" хэмээн Францын Le Figaro бичжээ.

 

Эм бэлдмэлээр уралдах нь 

 

Хонконгт амьдардаг бүхий л гадаадын иргэн эх газрын Хятад руу нэвтрэх виз авахын тулд энэ улсад үйлдвэрлэсэн вакцин тариулсан байх ёстой гэсэн шийдвэрийг БНХАУ гаргажээ. Үүнийг Le Figaro "эрүүл ахуйн үндсэрхэг үзэл" хэмээн нэрлэсэн байна. 

 

Үүний хариуд АНУ Энэтхэг, Япон,Австралитай хамтран Зүүн Өмнөд Азийн орнуудад 2022 он хүртэл Жонсон энд Жонсон компанийн 1 тэрбум тун вакцин нийлүүлнэ гэж Америкийн Ерөнхийлөгч Жо Байден амалжээ.  Энэ санаачилгыг Quad аюулгүй байдлын талаарх дөрвөн талт хэлэлцээрийн (shuud.mn: Quad дөрвөн талт хэлэлцээрийг 2007 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ санаачилсан бөгөөд Энэтхэг, Япон, Австрали, АНУ аюулгүй байдлын талаар хэлэлцдэг) анхны цахим дээд хэмжээний уулзалтан дээр танилцуулжээ. Байдены санаачилга нь Хятадын коммунист дэглэмийн явуулж буй вакцины дипломат ажиллагааны эсрэг чиглэгдсэн аж. АСЕАН-ы орнууд буюу Индонези, Малайз, Сингапур, Таиланд, Филиппин, Бруней-Даруссалам, Вьетнам, Лаос, Мьянма, Камбож гэсэн Зүүн Өмнөд Азийн орнууд өдгөө дэлхийн хоёр том гүрний хоорондын тулааны гол талбар болоод байгаа гэнэ.

 

"Энэ бол Азийн жижиг НАТО-г бий болгоход чиглэгдсэн, Хятадын эсрэг дээд хэмжээний уулзалт. Мэдээж хүйтэн дайныг сэргээхэд чиглэгдсэн энэ санаачилга Бээжинд таалагдахгүй"  гэж Le Figaro бичжээ. 

 

Азийн орнуудын байр суурь- Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй

Бээжин, Вашингтоны анхааралд орчхоод байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд, түүнчлэн Энэтхэг болон Өмнөд Солонгос АНУ, Хятадын хоорондын шинэ хүйтэн дайнд татагдан оролцох хүсэлгүй байгаа талаар шинжээчид онцолж байна.

Олон улсын энх тайвны төлөөх Карнеги сангийн шинжээч Ли Чон Миний үзэж байгаагаар дээрх Зүүн Өмнөд Азийн орнууд өөрсдийнх нь гол худалдааны түнш болох БНХАУ-тай амин чухал харилцаагаа дэмжиж, үүний зэрэгцээ Америктай ч түншийн харилцаагаа хадгалах хүсэлтэй байгыаа гэнэ. 

 

Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан "Америкийн манлайлал"-ын чухлыг онцолж байгаа ч Бээжинтэй харилцах харилцаандаа анхаарах шаардлагатай гэж мэдэгджээ.

 

"Үнэн хэрэгтэй азиуд тэднээс аль нэг лагерийг сонго гэж тулгахгүй байхыг л хүсч байгаа" гэж Карнеги сангийн шинжээч дүгнэсэн байна.

 

Хятадын вакцинуудыг худалдаж авч байгаа өөр орнууд

 

Зүүн Өмнөд Азиас гадна дэлхийн бусад бүс нутгуудад ч вакцины дайн өрнөж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар Хятадын Синофарм, Синовак, Кансино гэх гурван эмзүйн компанийн вакцинууд илүү ирээдүйд тооцогдож байгаа юм. Тухайлбал Синофарм вакцины туршилтын гурав дахь шатыг АНЭУ, Бахрейн, Перу, Серби, Марокко, Аргентин, Иордани, Пакистан зэрэг дэлхийн арван оронд явуулсан. Одоо энэ вакциныг АНЭУ болон Сербид үйлдвэрлэхээр болжээ.

 

Мөн Хятадын энэ Синовак вакцинаар Турк улс хүн амаа дархлаажуулж байгаа юм. Энд коронавирусийн эсрэг тарилгад 12 сая гаруй хүн хамрагджээ.

 

Украины Эрүүл мэндийн яам ч мөн Хятадтай вакцин авахаар гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу 1.9 сая тун Синовак вакциныг 1 тунг нь 504 гривень буюу монгол мөнгөөр 47272 төгрөгөөр авах аж. 

Орос ба түүний "ялалтын хиймэл дагуул"

Вакцинаар дамжуулан, зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж, өөрсдийн нөлөөллөө тогтоох гэсэн өрсөлдөөнд Орос ч мөн оролцож байгаа юм. Манай хойд хөрш дэлхийд хамгийн анхны коронавирусийн вакциныг гарган авсан гэж зарлаж, улмаар Барууны орнуудаас ихээхэн шүүмжлэл, үл хайхарсан байдалтай тулгарч байсан ч өдгөө Европоор ч "Спутник V"-аа хүлээн зөвшөөрүүлж дөнгөсөн.

 

Европт Оросын энэ вакциныг албан ёсоор бүртгээгүй ч Унгар, Словак улс хэдийнэ худалдаж авсан бол Чех улс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Харин Итали улс нутаг дэвсгэр дээрээ "Спутник V" вакциныг үйлдвэрлэх Европын анхны улс болж магадгүй байгаа аж. Италийн  AGI агентлагийн мэдээлснээр Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Adienne Pharma & Biotech компаниуд гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ компани Ломбарди болон Төв Италид байрлах хоёр үйлдвэртээ вакцин үйлдвэрлэж, 2021 оны долдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд 10 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.

 

Түүнчлэн Европын бусад орнуудын эмийн компаниудад ч "Спутник V" вакциныг үйлдвэрлэж магадгүй гэнэ. Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр Испани, Франц, Германы хэд хэдэн компанитай вакцин үйлдвэрлэх талаар тохиролцжээ. 

 

"Хятад болон Орос улс өөрсдийн вакцинаа Европын хаалгыг хааж, ингэснээр улс орнуудын хооронд вакцин олж авахын төлөөх дайсагналыг өдөөх хөшүүрэг болгон ашиглаж байна. Ингэснээр коронавирусээс сэргийлэх вакциныг тойрсон геополитикийн сөргөлдөөн үүсч байгаа юм. Европын холбооны зарим орнууд өөрсдөө боломжит хувилбаруудыг хайж эхэлсэн, тиймдээ ч Хятад Оросын энэ тоглоомын дүнд ЕХ-ны нэгдмэл байдалд аюул занал учирж байна" хэмээн Бельгийн De Morgen бичжээ.

 

Хоёр хөршийн шатрын нүүдэл буюу ВАКЦИНЫ ДИПЛОМАТ бодлого

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин