Дэлхийн брэндүүдийг хавчих давлагаанд Хуавэй нэгдэв

img

Хятадын Хуавэй компани Nike, Adidas брэндүүдийг апликейшний цэсээсээ хасчээ. Гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дээрх брэндүүдийн апликейшнийг цахимаар хайх боломжгүй болсон байна. Хуавэй компани нөхцөл байдлын талаар ямар нэг тайлбар хийгээгүй гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Хуавэй компани энэ үйлдлээрээ Шинжааны хөвөнг авч хэрэглэхгүй гэж мэдэгдсэн дэлхийн брэндүүдийг хавчих Хятадын хэрэглэгчдийн давлагаанд нэгдсэн бололтой. Үүнээс өмнө Хятадын томоохон цахим худалдааны компаниуд H&M фирмийн бүтээгдэхүүнийг хайлтаасаа хассан юм. 

 

Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд нутгийн иргэдийг "албадан хөдөлмөр эрхлүүлдэг" тул тус бүс нутгаас ирэх хөвөнг ашиглахгүй гэж Шведийн фирм мэдэгдсэнээр ийнхүү асар том зах зээлээс шахагдаж эхэлжээ. Ингээд Хятадын түрээслүүлэгчид Өрөмч, Иньчуан, Чанчун болон бусад хотууд дахь H&M фирмийн дэлгүүрүүдийг хааж эхэлсэн байна. H&M компанийн хувьд Хятад улс дөрөв дэх том зах зээл бөгөөд 2020 оны байдлаар энэ фирмийн нийт борлуулалтын 5.2 хувь нь БНХАУ-д ноогдож байв. 

 

Үүгээр ч зогсохгүй Converse, Tommy Hilfiger, Calvin Klein, Burberry, Nike, New Balance, Adidas зэрэг брэндүүдийг ч хятадууд шахаж эхлэн, Weibo олон нийтийн сүлжээнд "Би Шинжааны хөвөнг дэмжиж байна" гэсэн хэштегтэй посттойгоор уриалгад нэгдэж байгаа гэнэ. Түүнчлэн тухайн брэндүүдийн нүүр царай болж байсан Хятадын алдартнууд ч энэ эсэргүүцэлд нэгджээ. Тухайлбал, Хонконгийн дуучин Исон Чан, уйгур жүжигчин Дильраба Дильмурат нар Адидас фирмтэй цаашид хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Харин Хятадын нэрт жүжигчид болох Ван Ибо, Тан Тан Сунъюнь нар Nike брэндтэй хамтран ажиллахаа зогсоосон бол Чжан Исин, Оуян Нана ,  Бай Жинтин нарын алдартнууд  Converse брэндтэй хийсэн гэрээгээ цуцлажээ.

 

Шинжааны түүхий эдээс татгалзсан дэлхийн брэндүүдийг Хятад шахаанд орууллаа

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ