Хятад: Олон улсаас Олимп бойкотлож байгааг зүгээр өнгөрүүлэхгүй
2021-04-07

Ирэх жил Хятадад болох Өвлийн олимп ихээхэн хэл ам дагуулж байна. Учир нь Хятад дахь хүний эрхийн асуудалтай холбоотойгоор  сүүлийн үед барууны орнууд болон компаниуд Бээжин 2022 олимпыг "бойкотлох"-ыг идэвхийлэн уриалж байгаа юм. Үүнийг Хятад зүгээр хараад суухгүй, шахалт дарамтын хэлбэрээс хамаарч ямархуу хариу өгөхөө шийдэх гэнэ. Энэ талаар БНХАУ-ын CNBC телевикийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлжээ.

 

"Хятад улс Олимпын наадмыг бойкотлож байгаа улс орнуудыг улс төрийн хориг болон худалдааны хариу арга хэмжээнүүдээр шийтгэнэ. Харин тамирчдыг бойкотловол хариу нь илүү чанга байна. Ямар нэг компани Олимпын наадмыг бойкотлохгүй бол Барууны орнуудад хэрэглэгчдийнхээ дунд нэр хүндээ хохироох эрсдэлтэй. Харин шахалт үзүүлвэл Хятадын зах зээл рүү нэвтрэх боломжгүй болно" хэмээн Евразийн бүлгийн шинжээчид үзэж байгаа аж.

 

 
Улс төр судлаачдын үзэж байгаагаар Хятадыг уйгуруудыг хавчин дарамталдаг гэж буруутган, ирэх оны олимпыг "геноцидийн наадам" хэмээн нэрлээд байгаа юм. Улмаар нээлтийн ёслол ойртох тусам нөхцөл байдал улам хүндэрч, улс орны засгийн газрууд, компаниуд болон хөрөнгө оруулагчдын эрсдэл улам өсөх аж. Үүнийг батлах жишээ саяхан гарсан. Сануулбал, уйгуруудын хөдөлмөрийг мөлждөг хэмээн "H&M" зэрэг томоохон брэндүүд Шинжаанаас хөвөн авахаас татгалзсаны хариуд хятадууд нэгдэн дэлхийд нэртэй брэндүүдийг шахаж, томоохон компаниуд асар олон хүн амтай зах зээлээ алдах эрсдэлтэй нүүр тулсан юм. 

 

Хэдий ийм хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах ч Төвөд, Шинжааны угсаатны цөөнхүүдийн эрхийг зөрчсөн, Хонконг дахь улс төрийн эрх чөлөөг боомилсон, Тайвань дахь нутгийн удирдлагад дайсагнасных нь төлөө  Хятад улсыг шийтгэх ёстой гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. Тэд Хятадыг шахаанд оруулах гурван хувилбарыг санал болгож байгаа юм. 

 

Нэгдүгээрт. Таагүй үр дагавар бага дагуулах, гэхдээ илүү үйлчлэх, 60 хувийн магадлалтай дипломат бойкот. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ "дипломат бойкот" зарлавал үүнд хамгийн багадаа барууны нэг орон нэгдэх гэнэ. Олимпын үеэр улсыг төлөөлөх засгийн газрын төлөөлөгчдийн тоог бууруулах эсвэл бүр оролцохгүй байх гэсэн байдлаар энэ шахалт илэрч болох аж. Ийм төрлийн шахаанд АНУ, Канад, Их Британи, Австрали болон Европын зарим орнууд нэгдэх магадлалтай гэнэ. Харин Япон, Энэтхэг зэрэг АНУ-ын Азийн холбоотнууд Хятадтай нягт хамтын ажиллагаатай тул Хятадын эсрэг шахалтад нэгдэх нь эргэлзээтэй гэж шинжээчид үзжээ.

 

Хоёрдугаарт, Олимпыг тамирчид өөрсдөө бойкотлох. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хувилбар үйлчлэх магадлал нь 30 хувь гэнэ. Энэ хувилбарыг хэрэгжүүлвэл улс орнууд тамирчдаа Олимпын наадамд оролцохыг хориглож болох аж. Мөн эдийн засгийн бойкот ч байж болох бөгөөд тухайлбал, Америкийн үзэгч, сэтгүүлч, ивээн тэтгэгчдийг Олимпын наадамд оролцохыг хориглох боломжтой гэнэ. Ийм бойкотыг хайхрахгүй байх бараг л боломжгүй, мөн Хятадын зүгээс илүү хүчтэй хариу гарна гэж улс төр судлаачид үзжээ. Энэ хувилбарыг хэрэгжүүлвэл нөхцөл байдал дипломат харилцааг царцаах, барууны брэндүүдийг хэрэглэгчид олноор шахан хавчих хүртлээ өргөжиж болзошгүй аж. 

 

Гуравдугаарт, Хятад болон Барууны орнуудын хоорондын харилцаа нааштай болсон үед улс орнууд албан ёсоор шахалт үзүүлэхийн оронд Олимпын наадамтай холбоотой  арай зөөлөн мэдэгдлүүдийг хийж болох гэнэ. Гэхдээ ийм хувилбар үйлчлэх магадлал нь ердөө 10 хувь гэж улс төр судлаачид үзжээ. 

 

Олимпыг ямар ч байдлаар бойкотлосон байлаа ч энэ нь Олимпын наадмаас олох Хятадын үр ашигт ихээхэн сөргөөр нөлөөлөх юм.  

Шинжээчдийн үзэж байгаагаар Олимпын наадам нь Хятад улс олон улсын статусаа дотооддоо харуулах, дэлхий даяарх олон тэрбум үзэгчид эерэг дүр төрхөө харуулах гол тавцан болох гэнэ. Ийм ашиг олохоор төлөвлөж буй Хятад улс энэ наадмыг нь бойкотловол хариу арга хэмжээ авах нь тодорхой.

Энэ нь барууны орнуудын зохион байгуулсан арга хэмжээг хариу шахаанд оруулах, Олимпын наадмыг эсэргүүцсэн гол өрсөлдөгчдийн эсрэг хориг арга хэмжээ тавих байдлаар илэрч болзошгүй гэж улс төр судлаачид үзэж байгаа юм. 

 

Хятад дахь хүний эрхийн асуудалтай холбоотойгоор барууны орнууд Хятадад болох Олимпыг бойкотлож, компаниудыг ч үүнд нэгдэхийг уриалж байгаа энэ үед бизнесийн хүрээллийнхэн "ацан шалаанд" орж, тэнцвэрээ хадгалахыг хичээж байгаа юм. Тэд нэг талаас Хятад дахь хүний эрхийн асуудалд санаа зовниж байгаа гэдгээ Барууны орнуудад харуулах, нөгөө талаас асар том Хятадын зах зээлээс шахагдахгүй байх гэж бүхий л чадлаараа хичээж байна.

 

Гэхдээ бизнесменүүд барууны орнуудад имижээ алдсанаас Хятадын зах зээлээс алдагдал хүлээх нь илүү хүнд цохилт болох тул Олимпын наадмыг бойкотлохоос татгалзана гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Хятад маягийн БОЙКОТ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
хятадыг дарах л хэрэгтэй дээ том улс дотроосоо доо тос дотроосоо өтдөгдөө
2021-04-07
барууныхан л гятадын лалуудад санаа зовоод бдаг нөгөө айхтар шашин машин энээ тэрээ гээд бдаг лалын орнууд таг чиг хуацяогаас каалтаад үүрэндээ гэвтчихсэн
2021-04-07