Хятад маягийн БОЙКОТ
2021-03-31

 

Ойрын өдрүүдэд худалдаа, эдийн засагтай холбоотой хэд хэдэн асуудал олны анхааралд орсон юм. Асар том чингэлэг тээвэрлэгч Суэцийн сувагт гацаж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан бол Хятадыг буруутгасан дэлхийн брэндүүдийг хятадууд хүч хавсран шахаанд оруулав. Аль аль үйл явдал нь ихээхэн хохирол дагуулсан. Тэр дундаа Хятадын жишээ.

 

Үй олон хүнтэй, асар том энэ зах зээл дэлхийн брэндүүдийг шахаанд оруулна гэдэг тоглоом биш. Ард түмэн нь ийнхүү том брэндүүдийг шахаж байгаа энэ удаагийн үйлдлээс өмнө БНХАУ-ын эрх баригчид Австралийг буланд шахсан юм. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь Хятадыг шүүмжилсэн, буруутгасан өнгө аястай мэдэгдлээс болж хятадууд нэгдэн "хариугаа авсан".

 

Хөвөнгөөс татгалзсаны хариуд хятадууд брэндээс татгалзав

 

Шведийн H&M компани Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүй тул тэндэхийн хөвөнг ашиглахаас татгалзсан юм. Үүний хариуд Хятадын олон нийт энэ брэндийг шахаж эхлэв. H&M брэндийн олон улсын нийт орлогын 5.2 хувь нь ноогддог аж. 

Үүнээс өмнө Nike брэнд ч Шинжааны хөвөнгөөс татгалзсан юм. Ингээд хятадууд энэ хоёроор зогсохгүй Converse, Tommy Hilfiger, Calvin Klein, Burberry, Nike, New Balance, Adidas зэрэг брэндүүдийг ч хавчиж эхэлж, томоохон цахим худалдааны сайтууд эдгээр компаниудын апликейшнийг устгасан юм. 

 

"Хуурамч цуу яриа тарааж, Шинжааны хөвөнг бойкотлосон хэрнээ Хятадад мөнгө олно гэж санаа юу? Хүссэнээ ав!" хэмээн Хятадын Залуучуудын коммунист холбооны төлөөлөгчид мэдэгдсэнийг Weibo олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

 

Ийнхүү 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлд гадуурхагдсан H&M компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт 4.4-5.4 хувиар унажээ.

Хятадын хөвөнг ашиглахаас татгалзсаныхаа "шанг амсаж" буй компаниуд ацан шалаанд оров. Одоо тэд Шинжааны хөвөнг авч, Баруунынханд шүүмжлүүлэх, эсвэл хөвөнгөөс нэг мөр татгалзаж, дэлхийд хоёрдугаарт орох эдийн засаг болох Хятадын бойкотонд орох гэсэн сонголт тэдний өмнө үлджээ.

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, Шинжаанд Хятадын нийт хөвөнгийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг аж. Эндэхийн хөвөнгөөс татгалзсан бусад брэндүүдийн жагсаалтыг Хятадын олон нийтийн сүлжээнүүдээр гаргаж, хэрэглэгчид эдгээр компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалж байгаа юм. 

 

Хувцас үйлдвэрлэлийн салбар дахь Хятадын үнэ цэн


Люкс зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний зах зээл дээр Хятадын эзлэх хувь 2020 онд 20 орчим хувьтай байсан бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдсээр байгаа талаар шинжээчид өгүүлж байгаа юм. Ингэснээр 2025 он гэхэд Хятад улс тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээл болох аж. 

 

Мөн Хятадын хэрэглэгчид хувцас загварын массын сегментэд багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын зах зээл асар том, мөн өдгөө цар тахлын улмаас хил хаалттай үед дотоодын хэрэглээ улам л нэмэгдэнэ гэж шинжээчид онцолжээ. 

 

Томчууд нь том хөдөлнө, жижгүүд нь нийлж байгаад...

 

Барууны хувцасны брэндүүд Хятадын хэрэглэгчдийн зүгээс хавчлагад орж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Үүний нэг нь Dolce&Gabbana брэндийг тойрсон шуугиан юм. Энэ компанийн сурталчилгаанд Хятадын ард түмнийг үл хүндэлсэн, арьс өнгөөр ялгаварласан гэж хятадууд үзэн, энэ брэндийн хувцас хэрэглэл худалдан авахгүй байхыг уриалж нэгдсэнээр Хятадад Dolce&Gabbana-ийн борлуулалт эрс унаж байлаа. Тэд энэ уналтаас гарахын тулд хоёр гурван жил хичээж л байна. 

 

Хятадууд их эх оронч хүмүүс юм. Тэд өөрсдийг нь шүүмжилвэл томчууд нь том хөдөлнө, жижгүүд нь нийлж байгаад "зодчихно". Томчууд том хөдөлдөг гэснээс, нүүрсний хамгийн том импортлогч Хятад улс гол нийлүүлэгчдийнхээ нэг Австралийн нүүрсийг авахгүй гэж гэдийсэн нь мөн л Австралийн мэдэгдлээс үүдэлтэй. 

 

2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг  оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүсч, улмаар 2020 онд Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалсан нь Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экпортыг хориглосон юм. Хятад руу нүүрс нийлүүлчих орнууд олон, харин Австрали Хятад шиг том зах зээлийг алдана гэдэг тун харамсмаар. Өнөө хэр нь энэ хоёр орны сөргөлдөөнтэй асуудал шийдэгдээгүй л байгаа юм. 

 

Шинжааны түүхий эдээс татгалзсан дэлхийн брэндүүдийг Хятад шахаанд орууллаа

Хятад VS Австрали: Хятадын цохилтууд үргэлжилсээр л...

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
medee unshinuu https://www.youtube.com/watch?v=EPGycDZQ8HA
2021-03-31
sdfds:
odoo jaahan yum suraachee
2021-03-31
buraa:
Huu mini ene brend mereend gedeg chin mgl ug uu? Mgl.r yu gej bgaag medeh uu? Bas ymar aplekesh genee arai hoolnii ner bish biz? Ingej mgl/oo aldaj bolmoorgui bndaa!!!
2021-03-31
sdfds:
odoo jaahan yum suraachee