АНУ Бээжингийн олимпыг бойкотлох эсэхээ шийдээгүй
2021-04-07

Вашингтоны шинэ захиргаа Бээжин-2022 өвлийн олимпыг бойкотлохтой холбоотой байр сууриа эцэслэн тогтоогоогүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

"Миний хэлсэнчлэн, Бээжинд болох Олимпын талаар бидэнд мэдэгдэх зүйл байхгүй. 2022 он болоход их хугацаа байна. Гэхдээ бид БНХАУ-д хандах ерөнхий хандлагаа боловсруулах, бидний санааг зовоож буй асуудлуудыг тодорхой болгохын тулд холбоотон болон түншүүдтэйгээ үргэлжлүүлэн зөвлөлдөнө" хэмээн Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс бичжээ.

 

Үүнээс өмнө, дөрөвдүгээр сарын зургааны өдөр Нед Прайс хэвлэлийн бага хурлын үеэр АНУ Хятадын Өвлийн Олимпыг хамтдаа бойкотлохыг холбоотон болон түншүүддээ ятгах хүсэлтэй байгааг онцолж байлаа. Ийнхүү хамтран шахалт үзүүлэх нь "манай ашиг сонирхол төдийгүй манай холбоотон болон түншүүдийн ашиг сонирхолд нийцнэ" хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 

 

Өвлийн Олимпын наадам Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Харин сүүлийн үед, Хятад дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор барууны орнууд оны хамгийн том спортын арга хэмжээ болох Олимпыг шахалтад оруулахыг уриалсаар байгаа юм.

 

Хятад: Олон улсаас Олимп бойкотлож байгааг зүгээр өнгөрүүлэхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин