Польш АНУ-ыг дагаж, Оросын дипломатуудыг хөөв

АНУ үндэсний ашиг сонирхлоо хамгаалж, Оросын дайсагнасан үйлдэлд хариу барина гэж мэдэгдэн, Оросын эсрэг хориг тавьсан үед Польш улс АНУ-ыг дагасан байна. ВВС агентлагийн мэдээлснээр Польш улс Оросын гурван дипломатыг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлажээ.
Тодруулбал, пүрэв гарагийн өдөр Польш дахь Оросын Элчин сайд Сергей Андреевыг Польшийн Гадаад хэргийн яаман дээр дуудсан байна. Ийнхүү дуудан уулзах болсон нь "олон асуудлын зэрэгцээ Оросын эсрэг АНУ шинэ хориг тавьсантай холбоотой байсан" гэж Польшийн РАР агентлаг мэдээлжээ. Өөр нэг шалтгаан нь Украины дорнод хил дээр нөхцөл байдал хурцадсантай холбоотой гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Улмаар пүрэв гарагийн орой Польшийн Гадаад хэргийн яам Оросын Элчин сайдын яамны гурван ажилтныг "персона нон грата" хэмээн зарлаж, тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой хэмээн мэдэгджээ.
"Варшав дахь Оросын Элчин сайдын яамны гурван ажилтныг персона нон грата гэж үзсэн талаарх мэдээлэл бүхий нот бичгийг элчин сайдад гардуулсан" хэмээн Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлэлд өгүүлжээ.
Ийм шийдвэр гаргах болсон үндэслэл нь "Польш улсыг хохироосон арга хэмжээ явуулсан, нэр заасан этгээдүүд дипломат статусыг зөрчсөн" гэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн "дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын гаргасан шийдвэрүүдтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлж", "холбоотнуудын хамтдаа гаргасан шийдвэр нь Оросын Холбооны Улсын дайсагнасан үйлдэлд өгөх хамгийн зөв хариулт болно" хэмээн Польшийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
АНУ Оросын дипломатуудыг хөөж, ОХУ хариугаа амсахыг нь анхааруулав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ