Дахин нэг улс АНУ-ыг дагаж, Оросын дипломатуудыг хөөв
2021-04-19

Өнгөрсөн долоо хоногт АНУ Оросыг Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, төрийн байгууллагууд руу нь цахим халдлага үйлдсэнд буруутгаж, хориг арга хэмжээ тавихын дээр АНУ дахь Оросын хэд хэдэн дипломатыг хөөн гаргахаар болсон юм. 

 

Үүний дараа, Польш улс АНУ-тай санаа нэг байгаагаа илэрхийлэн Оросын гурван дипломатыг "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж байв. Өнгөрсөн пүрэв гарагт Польш дахь Оросын Элчин сайд Сергей Андреевыг Польшийн Гадаад хэргийн яаман дээр дуудаж, дипломатуудыг тааламжгүй этгээд гэж зарласан нот бичгийг гардуулсан юм.

 

Гэтэл үүний араас Чех улс ч Оросын дипломатуудыг хөөсөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 17-ны бямба гарагт Чех улс Оросын 18 дипломатыг хөөх шийдвэр гаргажээ. Оросын дипломатуудыг Чехийг орхин явахад 48 цагийн хугацаа өгсөн байна. Эдгээр дипломатууд нь Гадаад тагнуулын албаны ажилтнууд гэж Чех итгэлтэй байгаа тул ийм шийд гаргасан гэнэ. Оросын дипломатуудыг Врбетиц тосгон дахь зэвсгийн агуулах дэлбэрсэн хэргийг зохион байгуулсан гэж сэжиглэсэн байна. Тэнд, 2014 онд 10 тонн сум, пуужин дэлбэрсэн юм. 

 

Чех улс Оросын дипломатуудыг хөөх шийдвэр гаргасныг Их Британи дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин НАТО 2014 онд гарсан дэлбэрэлтэд Орос улс хамааралтай байж болзошгүй гэж мөрдөн шалгаж эхэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Ийнхүү Чех улс дипломатуудыг нь хөөхөөр болсны дараа Орос улс мэдэгдэл хийхдээ 2014 оны Врбетиц дэх дэлбэрэлтэд оросуудыг хамааруулж байгааг шийдэмгий эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

 

АНУ-ын хоригийн дараа Чех улс ийнхүү Оросын 18 дипломатыг "персона нон грата" гэж зарласныг АНУ дэмжиж байгаагаа ням гарагт илэрхийлсэн байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгдэл хийхдээ "Манай холбоотнууд болон түншүүдийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эрчим хүчний аюулгүй байдал,  амин чухал дэд бүтцэд аюул занал учруулж буй Оросын үйлдлүүдэд шийдэмгий хариу өгөх ёстой" хэмээн онцолсон байна. 

АНУ Оросын дипломатуудыг хөөж, ОХУ хариугаа амсахыг нь анхааруулав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
гш:
асуудал хүндэрвэл польш чех 2далдагсаныхаа горыг амсандаа
2021-04-19