"Үхэшгүй мөнхийн хороо"-д цар тахлын үеэр амиа алдсан эмч нарыг багтаах санал гаргажээ
2021-04-21

Коронавирусийн тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж яваад амиа алдсан эмнэлгийн ажилтнуудыг "Үхэшгүй мөнхийн хороо"-ны эгнээнд багтаах саналыг Буриадад гаргажээ. Ийм саналыг Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцсэн улсын шуурхай штабын хурлын үеэр гаргасан талаар "Бурятия" телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын Буриад дахь хэрэг эрхлэх газрын дарга Сергей Ханхареев коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд тусалж байгаад амиа алдсан эмнэлгийн ажилтнуудын гавьяаг мөнхлөх ёстой гэж үзжээ. Тиймээс Аугаа их Эх орны дайны баатруудтай зэрэгцүүлэн "Үхэшгүй мөнхийн хороо"-ны эгнээнд амиа алдсан эмч нарыг багтаах санал гаргасан байна.

 

Энд дуулгахад, "Үхэшгүй мөнхийн хороо" нь Аугаа их Эх орны дайнд оролцогчид болон амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх зорилготой олон нийтийн арга хэмжээ юм. "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээнд оролцогчид дайнд оролцсон, амиа алдсан төрөл төрөгсдийнхөө зургийг барин жагсаалд оролцдог бөгөөд энэ жагсаал Орост төдийгүй Ойрх болон Алс Дорнодын орнуудад жил бүр тавдугаар сарын есний өдөр зохион байгуулагддаг уламжлалтай. Гэвч цар тахлын улмаас өнгөрсөн жил энэ арга хэмжээ цахимаар болж байсан бол энэ жил ч мөн цахим ертөнцөд энэ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин