Хойд Солонгос Хятадын боомтууд руу чиглэх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнөө сэргээжээ
2021-04-29

БНАСАУ коронавирусийн тархалтаас болгоомжилсны улмаас өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Хятадын боомтыг чиглэх ачааны хөлөг онгоцны хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байсан юм. Харин гуравдугаар сараас хөлөг онгоцнуудын хөдөлгөөн сэргэсэн гэж Японы Санкей сонин мэдээлсэн байна.

 

Өмнөд Солонгосын тагнуулын газрын эх сурвалжтайгаар Санкей сонин мэдээлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээгээр  БНАСАУ-аас экспортлохыг хориглосон төмрийн хүдрийг онгоцуудаар тээвэрлэсэн тохиолдол бүртгэгджээ. 

 

Хойд Солонгос коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хиллэх хилээ хаасан юм. БНАСАУ өнөөг хүртэл тус улсын нутаг дэвсгэр дээр коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй гэж баталдаг.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Солонгосын тагнуулын газар БНАСАУ-ыг загас агнуурын зэрэг бүхий л хөлөг онгоцоо далайд гарахыг хориглосон хэмээн мэдээлж байлаа. Ингэснээр хятадын Далянь боомтод Хятад Хойд Солонгос руу тусламж болгон илгээх гэж байсан 110 мянган тонн будааг тээвэрлэх боломжгүй гацаж байсан юм.

 

Харин одоо тэнгисийн худалдаа сэргэж эхэлсэн нь Хятадын гаалийн статистикаас харагдаж байна. Нэг болон хоёрдугаар сард хоёр орны бараа эргэлт тэгтэй тэнцүү байсан бол гуравдугаар сард 14.3 сая долларт хүрчээ. Хятадаас БНАСАУ руу ихэвчлэн химийн бордоо, пестицид зэрэг ургацад шаардлагатай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин