КАЗАНЬ: Татарстанд гашуудал зарлаж, бүх сургуулийн аюулгүй байдлыг чангатгав
2021-05-12

Татарстаны Ерөнхийлөгч рустам Миннихановын шийдвэрээр Казанийн сургуульд гарсан халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн  тавдугаар сарын 12-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. 

Казаньд болсон халдлагын үеэр сурагчдын өмнө багшийг нь хөнөөжээ

Энэ өдөр Казанийн дунд сургуулиуд хичээллэхгүйн дээр эмгэнэлт явдал гарсан, гашуудлын өдөртэй холбоотойгоор соёл урлагийн бүхий л арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд цуцалсан байна. 

 

Үйл явдлыг эргэн сануулвал, тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ  гэгч байсан бөгөөд түүнийг хэргийн газар дээр баривчилан, хүний амь нас хөнөөсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Өөрийгөө "бурхан"-д өргөмжилсөн хэрэгтэн 

 

Олон хүүхдийн амь насыг бусниулсан 19 настай Ильназ Галявиев гэгч нь №175 сургуульд суралцаж байгаад хэдэн жилийн өмнө төгссөн байжээ.

 

Тэрбээр хэрэг үйлдэхийнхээ өмнө Телеграм хуудсандаа өөрийгөө "бурхан гэдгийг ухаарсан, дэлхийгээс хүмүүсийг цэвэрлэнэ" гэх утга бүхий пост оруулсан байна. Татарстаны хүүхдийн асуудал эрхэлсэн түшмэл Ирина Волынецийн өгүүлснээр хэрэг үйлдсэн этгээдийн гэр бүл санхүүгийн хувьд асуудалгүй, боломжийн амьдралтай, хүүхдээ нэр хүнд бүхий сургуульд суралцуулан, төлбөрийг нь хийх чадвартай айл гэнэ. Эцэг эх нь хүүхэдтэйгээ сүүлийн үед огт ярилцдаггүй байсан, юу болж байгааг нь ч мэддэггүй байжээ. Учир нь сэжигтэн гэрээсээ тусдаа гарч, өөр байранд амьдарч байсан аж.

Эмгэнэлт хэргийн дараа... 

 

 

Олон нийтийн сүлжээнүүдээр "Казань, бид та нартай хамт!" гэсэн пост ихээр түгэж байна. Энэ бичгийг эмгэнэлт явдлын улмаас амиа алдагсдын дурсгалд зориулсан зурагт хуудас болон дурсгалын цогцолборууд дээр бичжээ. Казаньтай хамт байгаагаа илэрхийлэн Москва, Екатеринбург, Санкт-Петербург хотуудад хүндэтгэлийн цуглаан болсон бол Петербург дахь Татарстаны байнгын төлөөлөгчийн газрын гадаа хүмүүс олноор цуглан цэцэг тавьсан байна.

 

 

Оросын бусад хотуудад ч амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлжээ. Тухайлбал Ростов-на-Дону хотод хүмүүс цуглан лаа асааж, сүм хийдүүдэд мөргөл үйлдсэн бол Пятигорск хотод Казаньтаөй хамт байгаагаа илэрхийлэн соёл урлагийн бүхий л арга хэмжээнүүдээ цуцалсан байна.

 

Харин Казань хотын эмгэнэлт явдал гарсан сургуулийг олон зуун хүн зорин очиж, лаа асаан, лаагаар сургуулийн дугаарыг дүрслэн, цэцэг өргөжээ. Түүнчлэн хотын бусад хэсгүүдэд ч дурсгалын цэгүүдийг бий болгосон байна. Сургуулийн ойролцоох хэсэгт хүмүүс олноор цугларсан тул цагдаагийнхан зохицуулж, цөөн хүмүүсийг оруулан, хүмүүс эмгэнэл илэрхийлэхийн тулд урт дараалал үүсгэн зогсжээ. Хүмүүс цэцэг, тоглоом, лаа авчран, таксины жолооч нар сургууль руу явж байгаа хүн бүхнийг үнэ төлбөргүй зөөж байсан талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Орос дахь Европын дипломат төлөөлөгчийн газрууд Казаньд болсон хэрэгт эмгэнэл илэрхийлсээр байна. ОХУ-д суугаа Словакийн элчин сайд Любомир Регак эмгэнэл илэрхийлэхийн дээр шархадсан хүмүүсийг түргэн эдгэрэхийг ерөөжээ. "Казанийн №175 сургуульд буулсан хэргийн улмаас амиа алдагсдын ар гэрийнхэнд Словакиас гүн эмгэнэл илэрхийлж байна. Шархадсан хүмүүсийг түргэн эдгэрэхийг ерөөе!" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.

 

Шведийн элчин сайдын яамны ажилтнууд ч Фейсбүүк хуудсаараа дамжуулан дэмжлэгийн үгс хэлсэн бөгөөд "Казань өнөөдөр аймшигт явдал тохиолоо. Амиа алдагсдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. 

Түүнчлэн, Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде эмгэнэл илэрхийлсэн байна.

 

"Казанийн сургуульд гарсан олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон аймшигт хэргийн талаар сонсоод ихэд гашуудлаа. Амиа алдагсдын ар гэр, ойр дотныхны хамтаар би эмгэнэн гашуудаж байна" хэмээн Линде Твиттер хуудсандаа бичжээ.

 

Сургуулиудын аюулгүй байдлыг чангатгана

 

Казаньд болсон эмгэнэлт явдлын дараа ОХУ-ын Гэгээрлийн яам Оросын бүхий л дунд сургуулиудад аюулгүй байдлыг чангатгах зөвлөмж гаргажээ. Дунд сургуулиудад аюулгүй байдлыг хангах ажилтан байхгүй, гагцхүү аюулын дохио өгөх товчлуур байдаг бөгөөд хэрэг гарсан Казанийн сургуульд гэхэд л гэмт этгээдийг буутай орох үед жижүүр эмэгтэй эсэргүүцэн, улмаар амжин аюулын дохионы товчлуурыг дарж чадсан гэнэ. Ингээд дохиогоор хууль сахиулах байгууллагынхан ирэх хооронд энэхүү аймшигт хэрэг болж, сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.

Хэрэг үйлдсэн этгээд гал нээхийн зэрэгцээ сургуулийн хувцасны өлгүүр хэсэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байсан гэнэ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, төхөөрөмж дэлбэрэх үеэр хүүхдүүд барилгад байгаагүй, дэлбэрэлтийн улмаас хана хэсэгчлэн нурсан байна. Сэжигтэн сургууль руу орох үедээ л гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг ажиллуулсан байжээ. 

 

Тавдугаар сарын 11-ний өдөр гарсан эмгэнэлт хэргийн улмаас долоо хүүхэд, хоёр насанд хүрсэн хүн амиа алдсан бөгөөд насанд хүрэгчид нь хоёулаа тус сургуулийн багш нар байжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, нэг нь 26 настай, англи хэлний багш Эльвира Игнатьева, нөгөө нь 56 настай, бага ангийн багш Венера Айзатова байсан гэнэ.

 

Хэргийн улмаас олон хүүхэд шархадсанэы дотор есөн настай нэг сурагчийн биеийн байдал нэн хүнд, 13-15 насны таван хүүхэд хүнд байгаа бол бусад нь бууны шарх, өндрөөс унах үедээ гэмтэж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Биеийн байдал нь нэн хүнд байгаа өвчтөнүүдийг Москвад шилжүүлэн эмчлэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх юм байна.


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин