НҮБ палестинчуудад 14 сая ам.долларын тусламж үзүүлнэ

НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулагч Линн Хастинс Газын зурваст тусламж олгон Хүмүүнлэгийн сангаас 14 сая орчим доллар гаргуулахаар тооцоолж байгаа гэнэ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок мэдэгдээд, Израилийн талаас байнга бөмбөгдөж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
"Газын зурваст хоёр сая хүн 13 жил гаруй хугацаанд гадаад ертөнцөөс хүчээр тусгаарлагдаж, тэнд аюулгүй газар ч алга байна. Бидэнд энэ нөхцөлд яаралтай хариу арга хэмжээ авахын тулд дорвитой санхүүжилт хэрэгтэй" хэмээн Лоукок мэдэгджээ.
Хоёр талын цэргийн үйл ажиллагааны улмаас Палестины 58 мянга гаруй иргэн орон гэрээсээ дүрвэхээс аргагүй болсныг НҮБ-ын төлөөлөгч онцолсон байна. Мөн ийм нөхцөлд хоргодох байрны ачаалал хэтэрч, улмаар коронавирусийн халдвар тархаж байгаа бөгөөд улмаар тус улсын эрүүл мэндийн салбар нь энэ ачааллыг даах чадваргүй байгаа гэнэ.
Израилийн агаарын цохилтуудын улмаас Палестины амин чухал дэд бүтэц эвдэрсэн, түлшний хангамж хангалтгүй байгаа зэрэг нь усны хангамжад нөлөөлж, олон зуун мянган хүн наад захын хэрэгцээ хангагдах боломжгүй нөхцөлд амьдарч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч онцолжээ.
Эргэн сануулахад, Израиль, Палестины сөргөлдөөн тавдугаар сарын 10-ны өдөр хурцдаж, талууд харилцан нэгэн рүүгээ пуужин, агаарын цохилт өгсөөр байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, сөргөлдөөн хурцадсанаас үүдэлтэй амиа алдсан палестинчуудын тоо 217- хүрсэнээс 63 нь хүүхдүүд байжээ.
Газын зурвас: Хүмүүс олноор үрэгдэж, цэргүүд довтолж эхлэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ