Өршөөлийн хуулийг БАТАЛЖ, наадмыг ХОЙШЛУУЛЛАА
2021-07-04

 

Зуны дэлгэр цаг ирсэн хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын тархалт буурахгүй, манай улсад гэхэд өдөрт 2000 гаруй хүн шинээр халдварлаж, өдөр бүр 10 гаруй хүн халдвараар амиа алдсан харамсалтай мэдээллийг ЭМЯ-наас хүргэж байна. Иргэд маскаа зүүж, дархлаажуулалтаа дэмжихээс гадна халдвар авсан тохиолдолд ханиад гэж үл тоолгүй, даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөсөөр байна. Энэ долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж, иргэд ч хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулж байна.

 

Өнгөрч буй энэ долоо хоногт цар тахлын халдварын зөвлөгөө, сэрэмжлүүлгээс гадна цаг үеийн онцлогоос хамаарч цар тахлын үеийн хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж,  олон нийтэд зарим төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлэхээр болж, томилгоо, өршөөл, хэд хэдэн чухал шийдвэрийг төр, засаг гаргалаа.

 

Төрийн долоо дахь ӨРШӨӨЛ

 

 

УИХ энэ долоо хоногт Өршөөлийн хуулийг баталлаа. УИХ 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь нь.  1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагджээ.

 

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилээр хасч байна. Хууль хэлэлцэн батлагдахтай зэрэгцээд, тэр дундаа дүрэм зөрчин жолооны эрхээ хасуулсан, шийтгүүлсэн иргэдийг өршөөлд хамруулж байгааг зарим хэсэг эсэргүүцэж байлаа. Хуулиа барьж, дүрмээрээ зорчиж, төлбөрөө төлж байсан хэсэг нь хохирч, хууль, дүрэм зөрчиж байгаа хэсэг өршөөлд хамрагдаж байгаад олон нийт бухимдаж байсан юм.

 

Элчин сайдуудын ТОМИЛГОО

 

 

Ээлжит томилгоо үргэлжилж, зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг УИХ зөвшилцөв. Нийт 24 Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж, Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилохыг татгалзаж, бусдыг нь дэмжив.  саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний олонх дэмжсэнгүй. Үүнд:

  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэг

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан

  • Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болд

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянаа

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав

  • Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булган

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалаг

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүү

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуяг

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэн

  • Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшин

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаяр

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаяр

  • Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржав

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүү

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүх

  • Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд

  • Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг

  • Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүх

  • Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг  тус тус томилохыг дэмжив. 


 
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа

 


 
Засгийн газар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа.


Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

 

Мөн Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан юм.

 

Айл өрх, ААН-үүдийг цахилгаан, дулаан, усны төлбөрөөс  он дуустал чөлөөлнө

 

УИХ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийг сунган баталлаа. Ингэснээр Засгийн газар эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийж, цар тахалтай нүүр тулан “улаан бүсэд” ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр  “улаан бүсэд” ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

 

Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:

- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл

- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл

- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл тус тус сунгалаа.
 

 

Цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бүрэн  бүрэн зогсоосон. Тиймээс ч орлого нь тасалдсан олон нийт бухимдаж, “тэвчээр тасарлаа” жагсаалыг зохион байгуулж,  халдвар  хамгааллын  дэглэмээ  бариад ажиллах шаардлагыг төр, засагт тавилаа. Түүнчлэн наадам хойшлуулсанд уяачид мөн эсэргүүцлээ илэрхийлэн жагсав. Иргэд бухимдалтай байна, гэхдээ хүн бүр эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжих нь энэ цаг үеийн нэн тэргүүний үүрэг болоод байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Зөв
2021-07-05
Зочин:
Маш зөв.
2021-07-04