Наадам болохгүй ч нөхөн сонгуульд хэнийг сойх вэ
2021-07-06

Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн жилүүд дуусгавар боллоо гэвэл бас эндүүрэл. Үргэлжлээд нөхөн сонгуулийн хүлээлт үүссэн байгаа. Ард нийтийг хамарсан бус жижиг тойрог дээр явагдах хэдий ч улстөрчид, ажиглагчид нэгэнтээ нөхөн сонгуулийн тойргуудад анхаарлаа хандуулж байгаа. Горилогчид ч цар тахлын халдварын тархалтаас үл хамаарч, ажиглалт судалгаа, хяналтаа  хийгээд эхэлсэн нь тодорхой.

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн тов, зардлыг батална.  Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигч У. Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хуулийн дагуу өнгөрөгч зургадугаар сарын 25-ны өдөр УИХ-д тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхэлсэн билээ.

 

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар  болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасан. Энэ дагуу СЕХ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар товложээ. 

 

Өнөөдрийн парламентад хоёр суудлын орон гараад байгаа. Нэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог. Энэ тойрогт нэр дэвшин сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд “дэвшсэн”.  Энэ албан тушаалтай хамт нийслэлийн МАХН-ын хорооны даргын албыг хавсардаг. Д.Сумъяабазар нийслэлиин МАН-ын хорооны даргын албан тушаал төрийн түшээгийн суудлаас илүүрхдгийг анх олон нийтэд үйлдлээрээ мэдрүүлсэн эрхэм.

 

Хуулийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын нөхөн сонгуулийг ирэх намар аравдугаар сард явуулахаар товлосон. УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр байхаар тусгажээ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд МАН МАХН нэгдэж, хамтын ажиллагаанд туссаны дагуу МАХН-ын “30 хувь” эхнээсээ хэрэгжиж байгааг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ҮАБЗ-ийн судалгааны хүрээлэнгийн захирлаар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар томилогдсоноор илтгэнэ.

 

Хамтын ажиллагааны гэрээн дэх МАХН-ны “30 хувь”-ын квот үүгээр зогсохгүй, намын анхан шатны нэгжээс, төр, засгийн албан тушаалуудад хүртэл хамааралтай. Тиймээс ч шат шатандаа хэрэгжээд явж байгаа байх. Олны анхаарлын төвд байгаа гол хувилбар нь Н.Энхбаяр даргын хүү Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар нөхөн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдох. Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшинэ гэсэн анхны хувилбарт өөрчлөлт орох магадлалтай. Түүнд УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвших боломж ч байгаа, учир нь Хэнтий түүний эмээгийн нутаг.

 

Нөгөөтэйгүүр Сонгинохайрханы тойрогт тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна. Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхээ “хасуулсан” Х.Баттулгын рейтэнг өндөр байгаа нь судалгаагаар харуулсан. Гэхдээ эхлээд ирэх намар хүртэл сөрөг хүчин АН дотоод асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Нөхөн сонгуулийн хоёр тойрогт нэр дэвшигч тодрох нь дараагийн асуудал болоод байна.

 

Ерөнхийлөгчийн сонгууль дотроо хагаралтай хэвээр оролцож, өрсөлдсөн нэр дэвшигч нь “цагаан хуудас”-ны ард бичигдсэн түүхэн гашуун сургамжаа АН дахин бүү давтаасай. Сөрөг хүчин АН-ын хагарал эрх баригч МАН-д ээлээ өгсөөр ирснийг санууштай.

Цар тахлын халдвар эрчтэй тархаж байгаа энэ өдрүүдэд улс наадмаа хойшлуулсан. Наадмаа хойшлуулсан ч нөхөн сонгууль товлосноороо явагдах нь байх. Парламентын суудалд орон гарч, тойргийн сонгогчид төлөөлөлгүй байж болохгүй гэсэн жижүүрийн үгийгд дайсаар нөхөн сонгуулийн хугацаанд нь хийх нь гарцаагүй. Тиймээс улс төрийн намууд, тэр дундаа эрх баригчид орон гарсан суудлаа алдахгүйг хичээж, сөрөг хүчин парламентдаа хүч нэмэх бодлого барих нь гарцаагүй.

 

Ийнхүү ирэх намрын нөхөн сонгуульд горилогчид энэ зуны тойргоо усалж, сонгогчдоо тойлдон завгүй байцгаах нь. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
хн:
НӨХӨН СОНГУУЛИЙН ХЭРЭГ БАЙН УУ
2021-07-06
Иргэн:
Гарчигийг олж, онож өгөх нь сэтгүүлчийн мэргэжлийн уран чадварын нэг том шалгуур байдаг. Цахим сэтгүүл зүй цаасан дээрх сэтгүүл зүйгээс ялгаа байхгүй, хэмжүүр, шаардлага нэг л түвшинд байх ёстой юм. Энэ шалгуур хаачсан бэ. Ямар ч авцалдаагүй хоёр юмыг нэг дор хольж, гарчиг өгсөн байх юм. Сайтын сэтгүүлчид гэж байдаггүй, зөвхөн бичээчид л байдаг бололтой
2021-07-06
Х.Баттулгаа дэмжинэ
2021-07-06
Наад нөхөн сонгууль чинь хэнд хамаатай юм бэ? Нөхөн сонгууль нэрээр битгий мөнгө цуслах гээд бай.
2021-07-06
Зочин:
Энэ бас нэг балай юм бичих юм даа МАНамд ямарч ач холбогдолгуй шуу дээ гэхдээ хун нэр дэвшуулэх л байх гарч ирсэн ирээгуй энэ намд тийм ач холбогдолтой суудал биш шуу дээ
2021-07-06