НЭЭЛТТЭЙ парламентын ХААЛТТАЙ чуулган
2021-07-09

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийгээд байна. Энэ удаагийн хаврын чуулган хэд хэдэн онцлогтой. Цар тахлын халдварын үетэй холбогдуулан УИХ-ын хаврын чуулган тасралтгүй цахимаар хуралдлаа. Цаг үеийн зайлшгүй нөхцөл байдал авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэдий ч Нээлттэй парламент хаврын чуулганы турш хаалттай ажиллалаа.

 

Зөвхөн парламент төдийгүй Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагаа ч хаалттай байж, түмний хөлд дарагддаг Төрийн ордон эл хуль байсан нь тодорхой. Энэ хэрээр хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдаж, парламентын мэдээллийг хэвлэлийнхэн араас нь хөөцөлдөж авах бус, хэн нэг гишүүн, албан тушаалтнууд мэдээлэл хийхэд л нийтээрээ дамжуулдаг нэг сувагт хүлэгдсэн нь үнэн.

 

Цахимаар үргэлжилсэн хаврын чуулганы тоон баримтуудаас дурвал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр буюу 83 өдөр чуулжээ. Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган боллоо” гэж онцолсон. Цахим хуралдаанд гишүүд зөвхөн чуулганы танхимаас бус гэрээсээ, машинаасаа, хаана байгаа газраасаа цахимд холбогдон хуралдаандаа ирцээ бүртгүүлж байгаа. Энэ бүх уялдаа холбооны үүндээс хуралдаан цагтай эхэлж байгаатай холбоотойгоос бус 30 жилиийн түүхтэй холбох нь учир дутагдалтай. Тэгээд ч онгогчид төр, засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгахыг зорьж МАН-д үнэмлэхүй олонхийн суудал өгсөн. 

 

Хаврын чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.

 

Басхүү спикерийн үгэнд дурдагсан “Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлэх боломж цар тахлын улмаас хумигдсан ч цахим хуралдаандаа өндөр ирцтэйгээр, идэвхтэй оролцож, өндөр ачаалалтай ажилласан Улсын Их Хурлын Эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.” олон нийт хэр санал нийлэх бол.   Тэр дундаа өндөр ачаалалтай гэдгийг хуулийн баталсан тоог хэлээд байна уу, хуралдааны хоног уртассаныг хэлээд байна уу. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чуулганы хуралдааны хоногийг өөрсдөдөө нэмж баталсан.

 

Нөгөөтэйгүүр гишүүдийн ажлын ачаалал олон нийтэд мэдрэгдэх байтугай, зарим шинэ гишүүд өнөөг хүртэл танигдаагүй байгааг Дарханаас сонгогдсон гишүүн Г.Дамдиннямаар жишээлж болно. Үнэндээ олон нийтийн газар, гудамжинд шинээр сонгогдсон гишүүдийг тэр бүр таниад байхгүй.  Цахим хаврын чуулган ч гишүүдэд ачаалал нэмсэн гэхэд эргэлзээтэй.

 

Харин хаврын чуулганаар баталсан гол хуулиудын нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга    Энэхуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдаж байгаа.  Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар долдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дураар даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.5 хувь байсныг 11.5 хувиас багагүй байх зохицуулалт хийсэн.


Цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, зарим компаниудын үйл ажиллагааг зогсоосны улмаас дампуураад байгаа. Тиймээс УИХ цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үеийн хуулийн үйлчлэлийн хугацааг сунгасан нь иргэдийн сэтгэлгүйг бага боловч тайтгаруулаад байна. Учир нь 18 нас хүртэлх 1.2 сая хүүхдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийн тэтгэмж, 71 мянган иргэнд олгож буй халамжийн нэмэгдэл, мөн иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зардлыг төрөөс хариуцаж байгааг он дуустал үргэлжлүүлнэ.

 

Ийнхүү нээлттэй парламентын хаалттай хаврын чуулган өндөрлөлөө. Үүнийг цар тахлын нөхцөл байдлын үеийн төр, засгаас хэрэгжүүлсэн зайлшгүй арга хэмжээ гэж үзэх хэдий ч цаашдаа намрын чуулганаар түмэнд нээлттэй болно гэж найдахаас бус шаардах эрх олон нийтэд байгаа. Учир нь улстөрчид сонгогдохоосоо өмнө сонгогчдын хойноос гүйж, сонгогдсоныхоо дараа бултдаг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Ямарч мэдээлэл байхгүй.:
Даргад дольгинож Амнаас унасан ганц 2 үгийг сэвдэг л хэвлэл мэдээлэлтэй болсон. Шорон, торгуулиар бүгдийг айлгаад. Кк
2021-07-09