АНУ ойрын хоёр өдөр Афган дахь цэргийн тоогоо 6000-д хүргэнэ
2021-08-16

АНУ ойрын хоёр өдрийн дотор Афганистан дахь цэргийн албан хаагчийнхаа тоог 6000-д хүргэнэ гэж Америкийн Төрийн департамент болон Батлан хамгаалахын яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Одоогийн байдлаар Афганистанаас Америкийн мэргэжилтнүүдийг аюулгүй гаргахаар Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлыг хамгаалах үйл ажиллагаа өндөрлөж байгаа гэнэ. Цаашлаад агаарын буудлууд дээрх аюулгүй байдлыг хангах, агаарын хөдөлгөөний удирдлагыг АНУ хянана гэж РИА Новости мэдээлжээ.

 

Түүнчлэн Афганистанд амьдарч буй Америкийн иргэдийг ойрын өдрүүдэд нүүлгэн шилжүүлэхээр болсон бөгөөд өнгөрсөн ням гарагт АНУ-ын ЭСЯ-ны  500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, ням гарагт Талибан хөдөлгөөний дайчид Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авсан юм. Тэд засаглалыг энхийн замаар шилжүүлэн авахаар хэлэлцээ хийж байгаа гэх бөгөөд Кабулд дайн дууссан гэж мэдэгдсэний дээр улс орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын аюулгүй байдлыг хангана гэж мэдэгджээ. Ийм мэдэгдэл хийсэн ч АНУ дипломатуудаа яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа бол ОХУ одоогоор дипломатуудаа гаргахаар төлөвлөгөөгүй хэмээн Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин