Афганистаны Ерөнхийлөгч эх орноосоо дүрвэсэн шалтгаанаа тайлбарлажээ
2021-08-16

Талибан хөдөлгөөний дайчид Афганистаны томоохон хотуудыг ээлж дараалан эзлэж явсаар ням гарагт нийслэлд ирэн, хотыг бүхэлд нь хяналтдаа авч, улмаар Афганистаны Ерөнхийлөгч эх орноо орхин дүрвэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Улс оронд нь хүнд нөхцөл үүссэн үед ийнхүү дүрвэсэн шалтгаанаа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани "цус урсгахаас зайлсхийсэн" алхам хэмээн тайлбарлажээ. 

 

"Талибан" Кабул болон түүний оршин суугчдын эсрэг цуст халдлага үйлдэхэд бэлэн гэдгээ тодорхой ойлгуулсан. Тиймээс цус асгаруулахгүйн тулд би явахаар шийдсэн юм" хэмээн Ашраф Гани Фейсбүүк хуудсандаа бчижээ. 

 

Тэрбээр Афганистаны албан ёсны эрх баригчид ялагдсаныг хүлээн зөвшөөрч, нутаг нэгтнүүдийнхээ нэр төр, өмч хөрөнгийн төлөөх хариуцлагыг одоо гагцхүү талибууд үүрнэ хэмээн онцолсон байна.

 

"Талибан" түүхэн шинэ сорилттой нүүр туллаа. Энэ хөдөлгөөн Афганистаны нэр төрийг хадгална, эсвэл бусад хүчинд зам тавьж өгөх хэрэгтэй болно" хэмээн Афганистаны Ерөнхийлөгч онцолжээ. 

 

Ийнхүү Афганистаны Ерөнхийлөгч дүрвэсэн шалтгаанаа тайлбарлахаас хэдэн цагийн өмнө "Талибан" хөдөлгөөн Афганистаны эрх мэдлийг гартаа бараг авсан хэмээн мэдэгдэж байв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, засаглалыг тайван замаар шилжүүлэх хэлэлцээ үргэлжилж байгаа гэнэ. 

 

Талибууд нийслэлийг эзлэсний дараа АНУ, Их Британи, Герман улс дипломатууд болон иргэдээ Кабулаас нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Түүнчлэн "Талибан"-ыг Афганистаны хууль ёсны эрх баигч гэж "яаран", "дангаар" хүлээн зөвшөөрөхгүй байхыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон барууны орнуудад хандан анхааруулжээ.

 

Афганистаныг бүхэлд нь хяналтдаа авсан "Талибан" хөдөлгөөн удалгүй Исламын Эмират Афганистаныг тунхаглахаар төлөвлөж байгаа талаар DW мэдээлсэн байна. 1996-2001 онуудад Афганистаны нутаг дэвсгэр дээрх талибуудын хяналтад байсан улсыг ийнхүү нэрлэдэг байв. 

 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ard tumen n yaach um boloo?, eronchiilogchin zugtaj garach deer!!!
2021-08-16