АНУ Афганистаны дүрвэгчдэд гар сунгах, Британи тэднийг хүлээн авахаа зарлав
2021-08-18

Талибууд Афганистаны эрх мэдлийг гартаа авсны дараа тус улсад нөхцөл байдал тогтворгүй болж, нутгийн иргэд олноороо дүрвэх болсон юм. Энэ үед хөрш зэргэлдээ орнуудыг зорьсон дүрвэгчдийн цуваа тасрахгүй байгаагийн дээр бусад орноос тусламж хүссэн дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн гэдгээ Европын орнууд зарлаж эхэллээ. 

 

Тухайлбал, Их Британи улс Афганистанаас ирэх 20 мянга хүртэлх дүрвэгчийг хүлээн авахад бэлэн хэмээн зарласны дээр өөрсдийнх нь жишгийг дагахыг Европын холбоонд уриалсан байна. Энэ талаар Нэгдсэн вант улсын Дотоод хэргийн сайд Прити Пател "Телеграф" сонинд өгсөн нийтлэлдээ онцолжээ. 

 

"Афганистаны иргэдийг шилжүүлэн суурьшуулах манай хөтөлбөр тус улсаас дүрвэхээс аргагүй болсон 20 мянга хүртэлх тооны хүнийг хүлээн авахад бэлэн байна. Эхний 5000 нь ирэх онд манайд ирнэ" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Британи улс нэн тэргүүнд охид, эмэгтэйчүүд, түүнчлэн "Талибан" хөдөлгөөний дэглэмийн "харгислал, хавчлага"-тай нүүр тулж буй шашны болон бусад цөөнхий бүлгийн төлөөлөгчдөд тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.

 

"Афганистаны дүрвэгчдийн дундаас хамгийн их тусламж шаардлагатай, улс орондоо хавчлага, харгислалтай нүүр тулж байгаа хүмүүст Их Британид аюулгүй байдалд шинэ амьдралаа эхлүүлэх боломжийг нь олгохыг бид хүсч байна" хэмээн Дотоод хэргийн сайд цохон тэмдэглэжээ. 

 

Үүний зэрэгцээ, Британи улс энэ нөхцөлд ганцаараа арга хэмжээ аваад төдийлөн үр дүнд хүрэхгүй гэдгийг Пател онцолсон байна. Тиймээс, талибууд засгийн эрхэнд гарсны дараах Афганистаны хүн амд туслах шаардлагатай талаар Британи улс  барууны бусад орнуудтай хэлэлцэж эхэлжээ.  

 

НҮБ дүрвэгчдийг хөөхгүй байхыг уриалав 

Ийнхүү Британи дүрвэгчдийг хүлээн авахаа мэдэгдэхээс өмнө, наймдугаар сарын 17-ны өдөр АНУ Афганистаны дүрвэгчдэд гар сунгахаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Афганистаны дүрвэгчдэд туслах үүднээс 500 сая доллар зарцуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тушаасан. Энэ тусламжийг олон улсын байгууллагуудад түгээх, бусад төрийн бус байгууллагууд, түүнчлэн АНУ-ын хэлтэс, агентлагуудыг санхүүжүүлэх замаар дүрвэгчдэд нэн шаардлагатай тусламжийг үзүүлэх аж. 

 

Францын тухайд, наймдугаар сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Афганистан дахь нөхцөл байдал тогтворгүйжсэнээс үүдэлтэйгээр тус улсаас ирэх дүрвэгчдийн нүүдэл хяналтаа алдана гэж анхааруулсан байна. Тиймээс Франц улс Герман болон Европын холбооны бусад орнуудтай хамтран Афганистаны дүрвэгчдэд туслах, дүрвэгчдийн урсгалыг зохицуулах хөтөлбөр боловсруулж байгаа аж. Герман улс дангаар 10 мянга орчим дүрвэгчийг хүлээн авахад бэлэн гэдгээ зарласан байна.

 

НҮБ ч мөн дүрвэгчдэд туслахыг уриалсан юм. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхийн улс орнуудад хандан Афганистаны дүрвэгчдийг хүлээн авах, тэднийг албадан нүүлгэн шилжүүлэхээс зайлсхийхийг уриалсан байна. Тэрбээр афганистан дахь нөхцөл байдлын улмаас олон мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болсныг анхаарах хэрэгтэйг онцолжээ.

 

АНУ-ын Төрийн департамент ч мөн Афганистанаас явах хүсэлтэй хүмүүст боломжийг нь олгох ёстой гэж мэдэгдсэн юм. Улмаар гадаадын иргэд болон афганчуудыг Афганистанаас аюулгүйгээр гарахад дэмжлэг үзүүлэхийг бүхий л талд уриалжээ. Энэ мэдэгдлийг дэлхийн 60 гаруй орон дэмжсэн байна.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Афганистанаас 700-800 зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам бүхий л хүчин чадлаа дайчилвал өдөрт 5000-9000 хүн Афганистанаас нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Пентагон мэдэгджээ.

 

Талибаны ялалт 

2001 оноос Афганистанд байсан АНУ-ын цэргүүдийг тавдугаар сарын эхэн үеэс гаргаж эхэлснээс хойш тус улсад нөхцөл байдал хүндэрсэн юм. АНУ цэргүүдээ наймдугаар сарын сүүл гэхэд гаргаж дуусгана гэж төлөвлөсөн бөгөөд энэ ажил долдугаар сарын эхэн гэхэд 90 хувьтай байгаа гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал мэдэгдэж байв. 

 

Америкийн цэргүүд гарч эхэлсний дараахнаас талибууд засгийн газрын цэргүүдтэй тулалдаж эхлэн, ердөө хэдхэн сарын дотор Афганистаны стратегийн гол бүхий л цэгүүдийг эзэлсээр, наймдугаар сарын 15 гэхэд нийслэл Кабулд тулж ирсэн юм. 

 

Талибууд Афганистаны нийслэлийг эзэлснийхээ дараа "дайн дууссан" хэмээн зарлаж, үүнийгээ "улс орныг чөлөөллөө" гэж нэрлэсний дээр Кабул дахь Ерөнхийлөгчийн ордон дээр далбаагаа мандуулсан. Хэлэлцээний үеэр талибууд эвслийн засгийн газар байгуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна. Засаглалын хэлбэр, төрлийг ойрын үед тодорхой болгох аж. Мөн тэд тун удахгүй Исламын эмират Афганистан хэмээн тунхаглах талаараа мэдэгдсэний дээр гадаадын цэргүүдийг улсаас нь гарахыг шаарджээ. 

 

Афганистан: Талибуудын засаглал, алдагдсан эрх чөлөө

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Shuud.mn
Сонин хачин