Боловсролын шинэчлэл буюу алдагдсан хоёр жилийг хэрхэн нөхөх вэ?
2021-08-31
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын халдварын тархалт үргэлжилж, ЭМЯ-наас дельта вирусийн тархалт өндөр байгааг сэрэмжлүүлж, БШУЯ халдвар хамгааллаа чанд баримтлан хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр шуударлаа.

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийг тасралтгүй үргэлжлүүлэх шийдвэр дээрээ бат зогсож, ЕБС-д 5/9-ийн харьцааг баримтална гэдгээ онцолж байгаа. Энэ нь таван өдөр танхимаар, есөн өдөр цахимаар хичээллэх зарчим. Харин ЭМЯ-наас сургуулийн аль нэг давхар халдвар илэрсэн тохиолдолд тухайн давхрын ангид нийтээр нь цахимаар хичээлүүлнэ гэж байгаа.

 

Харин эцэг, эхчүүд ЕБС-ийн сурагчдыг халдвараас хэрхэн хамгаалах, тэр дундаа вакцин хамрагдаагүй 11 наснаас доош хэсгийг хэрхэх, хичээлийг танхимаар оруулах уу, цахимаар уу гэсэн эргэлзээн дунд хичээлийн хэрэгслийг нь бэлтгэж байна.

 

Цар тахлын халдварын энэ үед цахимаар хичээллэж, хүүхдүүдийн сурлага буурч, сургалтын чанар муудсан гэж олон нийт шүүмжилж байгаа. Угаасаа ч манай боловсролын салбарын доголдолтой. Хүүхдүүдийг бага ангиас нь суурийг нь муу бэлтгэснээс монгол хэл зүй ч эзэмшээгүйг өнөөдрийн бичиг үсгийн алдаа харуулдаг. Харин энэ парламент Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа юм билээ. Ер нь үе үеийн парламент боловсролын систем, хуулинд анхаарч ирсэн. Тухайбал, 2012 оны парламент боловсролд анхаарч, кембрижийн хөтөлбөр нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ хөтөлбөр хөрсөн дээр буугаагүй нь өнөөдрийн хүүхдүүдийн боловсролын түвшин харуулж байгаа. Өнөөдөр олонхи эцэг, эхч бага ангид  нь гадаад хэл гэхээсээ  монгол хэл, математекийн суурийг сайн тавьж өгөх хэрэгтэй ойлголт хүрсэн байна лээ. Зөвхөн багш, сургууль үл хамаарч, хүүхдээ сургахад эцэг эхчүүдийн оролцоо чухлыг ч ярьсаар ирсэн.

 

Ямартай ч энэ парламент дахин Боловсролын багц хуулийн шинэчлэл хийхээр боловсруулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Манайд ерөнхий боловсролын сургалт дэлхийн түвшнээс хоцрогдохооргүй сайн байсан үе бий. Гэхдээ хүн бэлтгэх ухаанд дэлхий нийтээрээ асар их өөрчлөлтүүд бий болж буй учир тухайлбал, хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж Улсын Их хурал үзэж, багц хуулийн дотор Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсан. Энэ бүх нөхцөл байдалтай уялдуулаад бид боловсролоо ядуурлыг шийдвэрлэх үндэс, монгол хүн дэлхийд өрсөлдөх чадвартай байх бүх нийтийн үйлс болгохын төлөө эрхзүйн шинэчлэлийг хийх шаардлагатай. Сургалтын төлбөрөө төлөх бололцоогүй, авъяас чадвартай хүмүүсийг сургах шийдлүүдийг эрж олох чиг хандлага дэлхийн олон улсад нэвтэрч байна. Шийдвэрлэх ёстой энэ мэт олон асуудал манайд бий. Жишээлбэл, сургуулийн өмнөх боловсрол гурван наснаас эхлэх нь зөв үү, хөдөөгийн зургаа, долоон настнуудыг сургах тогтолцоо ямар байх вэ, мэргэжлийн боловсрол буюу ажилчин ангийг хэрхэн бэлтгэх вэ, багшийн нийгмийн асуудлыг яах вэ, цалин хөлс нэмэгдэх боломжийг хэрхэн шийдвэрлэх вэ гэх зэрэг нэг тийш нь болгох олон асуудал байна” гэдгийг Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг үеэр онцолсон байна лээ.

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр бус хүний хөгжлийн индексээр хэмжих асуудал цаашдаа яригдана. Улс орныхоо өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, ядуурлаас гарах, ажилгүйдлийг бууруулах, баян хоосны ялгааг арилгая гэвэл боловсролын шинэчлэлийг хийх нь зайлшгүй. Боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх нь улс орны аюулгүй байдлын асуудал гэж ойлгодог” гэсэн байр суурьтай байсан.

 

Ямартай ч энэ удаагийн парламент дахин боловсролын салбарт шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулан, намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тодорхойлж, урт хугацаанд тогтвортой, дор хаяж 30 жил хэрэгжихээр үр дүнг нь тооцож боловруулж байгаа аж.  

 

Цар тахлын үед боловсролын хоцрогдол бий болж, ялангуяа хүүхдүүдийн хувьд алдагдсан хоёр жилийг нөхөх үүрэг багш, эцэг эхчүүдэд оногдож байна.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин