Бидний дүүжин тээвэр алга болж, тэднийх явж эхлэх нь
2021-09-06

Орос, Хятад улс хөрш зэргэлдээ хотуудаа дүүжин тээврээр холбохоор агаарын зам татаж эхэлжээ. Энэ оны 04 дүгээр сараас Оросын Благовещенск, Хятадын Хэйхэ хотын хооронд 976 метр урт, хил дамнасан агаарын дүүжин тээврийг барьж эхэлсэн тухай бид энд мэдээлсэн.  Хоёр шугамтай, 110 хүртэлх хүний багтаамжтай хоёр бүхээгтэй агаарын тээвэр ашиглалтад орсноор жилд хоёр талдаа 2.5 сая хүн үйлчлүүлэх боломжтой гэж тооцоолжээ.

 

 

Монголчуудыг нийслэлийнхээ төвийг гэр хороололтой холбох тухай яриад мартсан хооронд Орос, хятадууд зэргэлдээ хотуудаа агаарын дүүжин тээврээр холбоод эхэлсэн нь энэ. Манай улсын удирдлага, дарга даамлуудыг шийдвэр гаргах гэж тээнэглэзэж, хөрөнгө мөнгөнөөс нь шат шатандаа хумсалж байх хооронд хөрш орнуудын хөгжил тэнгэрт туллаа. Товчхондоо биднийг сэрүүн зүүдэлж байх хооронд тэд хөгжлийн шийдвэрийг зоригтой гаргаж, хөрөнгө мөнгийг нь ч хумсалж хороохгүй бүтээж чадаж байна.

 

Одоогоос жилийн өмнө нийслэлийн тухайн үеийн дарга С.Амарсайхан хотын төв талбайд дүүжин тээвэр танилцуулж байв. 2020 оны 01 дүгээр сард хотын тухайн үеийн дарга С.Амарсайхан “Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно. Цагт 3000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40 000 орчим хүн тээвэрлэнэ гэсэн үг” хэмээн ярьж байлаа.

 

Судалгаа ч бэлэн, дүүжин тээвэр явуулахад бэлэн тухай ярьж байв. Ингэж ярьснаас хойш бид бүтэн нэг жил, есөн сар сэрүүн зүүдлэв. Дүүжин тээврийн ажил эхлэх нь бүү хэл тэр тухай ярих ч хүнгүй болов. Судалгаа шинжилгээний ажлын хөрөнгийг асууж сурагласан сэтгүүлчийн амыг мөнгийг Франц улс гаргасан, монголчууд хохироогүй гээд таглачихдаг.

 

Нэг хэсэг Улаанбаатарчууд метро болно хэмээн мөрөөддөг байлаа. Бүр метроны замын шав тавьж, ёслол хүртэл үйлдсэн. Улаанбаатар хот 2007 онд метротой болно, Улаанбаатар 2020 онд метротой болно гэсэн дуусашгүй үлгэр үргэлжилсэн ч өнөөх метро нь сураггүй. Харин одоо араас нь Улаанбаатар 2021 онд агаарын дүүжин тээвэртэй болно гэсэн үлгэр нэмэгдлээ.

 

Ингэж биднийг дуусашгүй сэрүүн зүүдэндээ умбаж байх хооронд хөрш орнууд зэргэлдээ хотуудаа дүүжин тээврээр холбож, аялал жуучлал, худалдааны салбартаа сая сая доллар оруулахаар ажиллаж байна.

 

Монголчууд Замын-Үүдийг Эрээнтэй, Алтанбулагийг Хиагттай дүүжин тээврээр холбох тухай яриагүй. Зөвхөн Улаанбаатар хотын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү нь дүүжин тээвэр явуулах тухай ярьж эхлээд мартчихсан. Өнөөх дүүжин тээврээ төв талбайдаа тавьж нэг харуулчихаад хаашаа ч юм нуучихсан. Одоо бараг тэр тухай ярьсан хүнийг шоолох биз, яг л метро шиг.

 

Улаанбаатар дэлхийн метрополис хот, сая гаруй хүн амтай. Харин хөгжил нь дэлхийн том хотуудын дагуул хот, тосгоны хэмжээний. Шалтгаан нь тодорхой, удирдлагууд нь сэтгэлгүй, ажил хийдэггүй, ялархуу худалч нар учраас энэ хот өнөөдрийг хүртэл хөгжөөгүй. Хөгжилд нэмэр болчих зоригтой шийдвэр, дорвитой хөрөнгөгүйгээр өдөр сарыг аргацаасаар сонгуулийн дөрвөн жилээ бардаг. Тиймдээ ч дарга бүр өөр өөрийн худал үлгэртэйгээр суудлаасаа буудаг бичигдээгүй хуультай.

 

Эцэст нь улаанбаатарчууд энэ бүх худал үлгэрээс залхаж, итгэж найдахаа больсон. Зүгээр л хөрш улсуудын хөгжлийг гайхаж биширч суух нь бидний тавилан бололтой. Мөдхөн бид Оросын, Хятадын хөрш хотуудыг холбосон дүүжин тээврийг харж, өөрсдийн өрөвдөлтэй хөгжлөө шоолох нь ээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тавьчихаад өөрсдөө яваад байгаа юм биш үү. Даан ч маньд харагддаггүй хэцүү юм
2021-09-08
Irgen:
Men turuund Manzshir Zaisangiin duujin teevriig baiguulah heregtei bolov uu?
2021-09-07
Амраа худлаа гар гэдгийг бид зөндөө л харлаа
2021-09-06
Зоригтой хотын дарга:
Энийг бүтээдэг хотын дарга хэрэгтэй
2021-09-06
Зочин:
Хэн нэгэн ивээнэ гэж бүү найд өөртөө найд гэж мэргэн үг байна.
2021-09-06
Хэнд ч юунд ч бүү итгэ өөрсдөө л амиа аргал
2021-09-06